Н.Учрал: Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-23 13:01:37

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.


Тодруулбал, тус хуулийн төсөлд Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгох шинэ эрх зүйн зохицуулалт туссан байна. Уг хуулийн төслийн эцсийн хувилбарыг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд дахин танилцуулж, улмаар УИХ-д өргөн барих аж.


Мөн УИХ-аас баталсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ, тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бий болгоход анхаарч, Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Энэ хүрээнд Татварын ерөнхий хууль, Хөрөнө оруулалтын тухай хууль, Хууль тогтоомжийн хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга тодотголоо.


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн ч УИХ дахь намуудын бүлгээс гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газар эргүүлэн татахаар шийдвэрлэсэн юм. Иймд тус хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэх шийдвэр гарчээ.


Үүний зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулсан ба ЗГХЭГ-ын дарга ахалж ажиллаж байгаа аж. 

関連ニュース