Дархлаажуулалт хүн амын өсөлтөд сайнаар нөлөөлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг “Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног” болгон зарладаг.
Энэ жил “Хүн бүрийг дархлаажуулах боломжтой” уриан дор тэмдэглэж байна. “Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног” нь илүү хүртээмжтэй, хүүхэд, өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчид тэдний гэр бүлийг вакцинаар сэргийлэх боломжтой өвчнөөс хамгаалах зорилготой юм. Энэ хүрээнд хүрээнд ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран дархлаажуулалтын ач холбогдол болон дархлаажуулалтад хамрагдаагүйгээс үүсэх эрүүл мэндийн эрсдэлийн талаар олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам ярихдаа, “Дэлхий дахинд 1974 оноос товлолт дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжиж, 154 сая хүнийг эндэхээс сэргийлээд байна. Үүний үр дүнд 94 сая хүн улаан бурхан өвчний улмаас эндэхээс сэргийлсэн. Мөн тав хүртэлх насны хүүхдийг эндэгдлээс хамгаалснаар чанартай амьдралыг уртасгалаа. Нас баралт, эндэгдэл, хүндрэл өндөртэй халдварт өвчин, саа өвчний үр дагавар, тахир дутуу болох хүндрэлээс сэргийлэх юм.
Гепатит В вакциныг 190 улс үндэсний товлолд нэвтрүүлснээс 117 нь 24 цагийн дотор хүүхдүүдээ дархлаажуулжээ.
2023 онд хүүхдийн улаан бурхны эсрэг вакцины нэгдүгээр тунд 83, хоёрдугаар тунд 74 хувь хамрагдсан. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 146 улс хүний папиллома вирусийн дархжуулалтыг үндэсний товлолдоо нэвтрүүлээд байна. Мөн дархлаажуулалт хүн амын өсөлтөд сайнаар нөлөөлж байгааг судалгаанаас харж болно” гэв.
2023 оны тооцооллоор ХПВ-ын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт дэлхийд 62, Номхон далайн баруун бүсэд 70, Монголд 40 хувьтай байна. Манай улсад Архангай аймаг хамгийн өндөр буюу 54 хувь нь вакцинд хамрагджээ. Сүүлийн 50 жилд вакцин 154 сая хүний амь насыг аварсан. Үүний 146 сая нь таваас доош насныхан, тэр дундаа 101 сая нь ой хүрээгүй хүүхдүүд байна.