Пакистаны тал энэтхэгчүүдийн визийг түдгэлзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСЛАМАБАД, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /BBC/. Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир мужид зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 26 жуулчны амийг хөнөөсний дараа байдал хурцдаж байгаа энэ үед Пакистаны тал Энэтхэгийн эсрэг арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Исламабадын эрх баригчид Энэтхэгийн
иргэдэд олгосон бүх визийг даруй түдгэлзүүлж, хөрш орныхоо зарим дипломатчийг нутаг буцааж, Энэтхэгийн онгоцуудыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхийг хориглосон байна.
Энэтхэгийн цагдаа нар халдлага үйлдсэн байж болзошгүй дөрвөн
этгээдийн гурав нь хэн болохыг илрүүлсэн бөгөөд тэдний хоёр нь Пакистаны иргэн, гурав дахь нь Кашмирын оршин суугч аж. Пакистанчууд уг халдлагад холбоотой гэх Энэтхэгийн талын мэдэгдлийг
Пакистан няцааж байна.
Мягмар гарагт болсон халдлагын үеэр зэвсэгт этгээдүүд маргаантай байгаа Хималайн бүс нутгийн Пахалгам амралтын газрын ойролцоо жуулчид руу гал нээжээ. Кашмирын цагдаа нар гурван сэжигтнийг Пакистанд төвтэй Лашкар-е-Тайба зэвсэгт бүлэглэлийн гишүүд гэж мэдэгдсэн байна.
Харин Пакистаны
Үндэсний аюулгүй байдлын хорооны мэдэгдэлд Пахалгам дахь халдлагыг Пакистантай
холбох гэж оролдож буйг няцаагаад,
мөрдөн шалгах ажиллагааг нухацтай явуулаагүй, нотлох баримт
байхгүй гэдгийг дурджээ.
Ерөнхий сайд Нарендра Моди өмнө нь мэдэгдэхдээ, Энэтхэг улс террорист этгээдүүд болон тэдний
дэмжигчдийг бүгдийг нь илрүүлж, шийтгэх болно гээд, бид тэдний
араас дэлхийн зах хязгаар хүртэл мөшгих болно гэжээ. Тэрбээр хэлэхдээ, халдлагыг зохион байгуулсан террористууд болон
тэднийг дэмжигчид өөрсдийн төсөөлж байгаагаас ч илүү хатуу шийтгэлийг хүлээх болно
гэжээ.
Лхагва гаргийн орой Энэтхэгийн эрх баригчид Кашмирт болсон халдлагын улмаас Исламабадын эсрэг дипломат арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Үүний хүрээнд хоёр улсын Аттари-Вагах хилийн боомтыг хааж, Пакистаны иргэдийн визийг түдгэлзүүлэх ажээ.