Унгар Улсын Шинжлэх ухааны академид зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийсэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл Унгар Улсын Шинжлэх ухааны академид зочилж, Монголын түүх, соёлын өв, судраар гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны төлөөлөл хоёр улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүх, соёл, археологийн судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар тус академийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ласло Коллартай ярилцлаа.
Шинжлэх ухааны академийн номын сангийн Дорно дахины цуглуулгад Монгол судар, бичвэрүүд хадгалагддаг бөгөөд дийлэнх бүтээлийг 1928-1930 онд ажилласан судалгааны экспедицийн эрдэмтэд цуглуулсан байдаг. Үүний дотор эртний, үнэ цэнтэйд тооцогдох төвөд, монгол хэлээр бичигдсэн XVII зууны үеийн Зая Бандид Гунгаажалцангийн “Эрдэнийн сан субашид”-ийн хуулбар багтдаг байна.