“Ирээдүйн инженерүүд” III олимпиадын шилдгүүдийг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-28 17:15:11

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд" III  олимпиадын шилдэг 20 оролцогчийг тодрууллаа.


ШУТИС-иас гурав дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаан нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй, ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг дэмжих зорилготой. Энэ удаагийн тэмцээнд ЕБС-ийн 12 дугаар ангийн 200 орчим хүүхэд оролцож, математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадвараараа өрсөлджээ. Тухайлбал, гуравдугаар шатанд тэнцсэн оролцогчид цахилгаан эрчим хүч хэрхэн, яаж гаргах талаар бүтээл хийжээ.

 

“Ирээдүйн инженерүүд” III олимпиадын нэгдүгээр байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Отгонбилэг шалгарсан юм. Тэрбээр ярихдаа, "Миний хувьд математик, физиктээ сайн, химийн хичээлд төдийлөн сайн биш учраас эхний шат хүнд байсан ч гэр бүл, найз нөхдийнхөө тусламжаар давсан. Гуравдугаар шатанд мэдлэгээ бүрэн ашиглаж, түрүүлсэндээ баяртай байна. Түрүүлнэ гэж төсөөлөөгүй, ядаж тусгай байр эзлэх юмсан гэж бодож байлаа. Тус сургуулиас хүндийн хүчийг ашиглаад гэрэл асаах, генератор бүтээх, мөн нэг кг ачааг 30 см-ийн өндрөөс буулгах даалгавар өгсөн. Гэтэл ачаа нь хүндийн хүчнээс шалтгаалаад боломжгүй байсан тул дөрөв хувааж тавцанд буулгасан. Тэр нь бусад хүүхэдтэй харьцуулахад арай онцлог байсан болов уу. Элсэхийг хүсэж байсан сургуулиасаа бүтэн жилийн тэтгэлэг гардсандаа баяртай байна. Цаашид программ хангамжийн инженерчлэл чиглэлээр суралцана" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Тус олимпиадад байр эзэлсэн сурагчдад ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн 30-100 хувийн тэтгэлэг олгож байна. Мөн энэ үеэр шилдэг 20 оролцогчийн нэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Ариунбаатарт тус сургуулийн Барилга архитектурын сургуулийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн нэрэмжит дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг олгосон юм. 


Шилдэг оролцогч Б.Ариунбаатар, “Гэрийнхээ крантнаас ус уух гэтэл бор өнгөтэй гарсан. Усаа яагаад цэвэр байлгаж болдоггүй юм бол, өөрөө ариутгах боломжтой болов уу гэж бодоод усны ариутгалын мэргэжлийг сонирхсон. Ариутгаад зогсохгүй салбарт нь ажиллавал өөрчилж чадах болов уу гэж бодсон.

Герман, Австри улсад хүмүүс крантны усыг шууд уудаг тухай ч уншсан. Бид яагаад ингэж болохгүй гэж хэмээн бодож, усны барилга, байгууламжийн инженер мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжлээрээ тэтгэлэгтэй суралцах болсондоо баяртай байна. Сургуулиа төгсөөд усыг крантнаас шууд ууж болох хэмжээний усны барилга байгууламж барина гэж мөрөөддөг” гэв.










関連ニュース