Европын Холбоо батлан хамгаалахын сан байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-28 10:19:45

БРЮССЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 28 /DW/. Европын Холбоо /ЕХ/ 150 тэрбум еврогийн санхүүжилттэй “Европын аюулгүй байдлын үйл ажиллагаа” (Security Action for Europe, SAFE) гэдэг нэртэй батлан хамгаалахын сан байгуулах шийдвэрийг баталсан тухай ЕХ-ны Зөвлөлөөс мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


Мэдэгдэлд дурдсанаар, шинэ сан нь хамтарсан худалдан авалт хийх замаар батлан хамгаалахын үйлдвэрлэлд хөрөнгө оруулах хүсэлтэй гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэхээс гадна Европын батлан хамгаалахын технологи болон үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэх зорилготой яаралтай болон том хэмжээний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх ажээ.


“Энэхүү санг байгуулсны зорилго бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай үед батлан хамгаалах хэрэгслийг бэлэн байлгах, одоо байгаа нөөц бололцоонд үүссэн цоорхойг нөхөх, эцсийн дүндээ ЕХ-ны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд оршино” гэж мэдэгдэлд дурдсан байна. 


SAFE сан нь мөн “Украины батлан хамгаалахын үйлдвэрлэлийг энэхүү хэрэгсэлд эхнээс нь хамруулж”, ЕХ-нд тус улсыг үргэлжлүүлэн дэмжих боломжийг олгоно гэж мэдэгдэлд дурджээ.


Төлөвлөгөөний дагуу сангийн хөрөнгийг хүсэлт гаргасан гишүүн орнуудад “илүү таатай нөхцөлөөр, урт хугацааны зээлийн хэлбэрээр олгох аж. Харин зээл авагч улс нь дор хаяж хоёр гишүүн улстай хамтран худалдан авалт хийх ёстой.


Шинэ сангаас эн тэргүүнд батлан хамгаалахын хоёр төрлийн бүтээгдэхүүний худалдан авалтыг санхүүжүүлэх ажээ. Эхнийх нь сум, пуужин, их бууны систем, газар дээрх байлдааны хэрэгслүүд, тэдгээрийг дэмжих системүүд, кибер аюулгүй байдлын болон бусад хэрэгслүүд, хоёр дахь нь агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд, нисгэгчгүй онгоц, тэдгээрийг эсэргүүцэх системүүд, стратегийн тоног төхөөрөмжүүд, мөн “сансрын техник хэрэгсэл, үйлчилгээ” юм. 



関連ニュース