Олимпын эвлэрэл тогтоохыг НҮБ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-20 09:23:12

НҮБ, 2025 оны арваннэгдүгээр сарын 20. /KAZINFORM/. Милан ба Кортина-д'Ампеццо хотуудад 2026 онд болох өвлийн Олимпын наадмын үеэр Олимпын эвлэрэл тогтоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталжээ. Энэ тухай ТАСС мэдээлснийг Kazinform агентлаг эш татан уламжиллаа.


“Спортоор дамжуулан, Олимпын үзэл санааг хэрэгжүүлэх замаар гараг дэлхий дээр илүү аз жаргалтай амьдралыг цогцлоож, энх тайвныг тогтоох нь” гэсэн нэртэй тогтоолын төслийг зөвшилцлийн үндсэн дээр баталсан байна.

 

“Спорт ба улс төр хоёрыг ялгаж салгахын тулд бид гар нийлэн ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, тамирчид хүлээн авагч улс орнуудад очиж, тэмцээн уралдаануудад оролцох ёстой, харин улс төрийн шалтгаанаар виз олгохоос татгалзсаны улмаас гэртээ суух ёсгүй” хэмээн тогтоолыг батлах санал хураалтын өмнө Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентри хэллээ.


Есөн заалтаас бүрдэх уг тогтоолын эхний хэсэгт: Олимпын нээлтээс 7 хоногийн өмнөөс Паралимпын тоглолт дууссанаас хойш 7 хоног өнгөрөх хүртэлх  хугацаанд Олимпын эвлэрлийг сахихыг уриалжээ. Түүнчлэн тамирчид, албаны хүмүүс болон байрлах зөвшөөрөлтэй бусад бүх хүний аюулгүйгээр зорчих, тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангахыг уриалсан байна.  


Мөн бүх гишүүн орнуудад хандан “Олон улсын Олимпын хороо, Олон улсын Паралимпын хороотой хамтран ажиллаж, Олимпын ба Паралимпын тоглолтуудын үеэр болон дууссаны дараа мөргөлдөөн болж буй газар орнуудад энх тайван, яриа хэлцэл, тэвчээртэй байдал, эвлэрлийг бий болгох хэрэгсэл болгон спортыг ашиглахад чиглэсэн хүчин чармайлтад нэгдэх”-ийг уриалсан байна.


Өвлийн Олимпын наадам Италийн Милан ба Кортина-д'Ампеццо хотуудад 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-нд болно.

 

 

関連ニュース