О.Мягмарсүрэн: Монгол цэргүүд очсон улс орон бүрдээ нэгдүгээрт байдаг, маш нэр хүндтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-29 13:46:29

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”. 


Монгол Улс энэхүү ажиллагаанд 2002 онд анхны офицероо илгээснээс хойш даруй 23 жилийг үджээ. Энэ хугацаанд гурван тивд болсон энхийг сахиулах ажиллагаанд манай орноос давхардсан тоогоор 23 мянга орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Техник шалгах байрын дарга, сургагч ахлагч О.Мягмарсүрэн юм. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн монгол цэргийн сүр хүчийг гайхуулж явсан түүний хувьд зургаан удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлжээ. Анхны дуудлагаа 2010 онд 25-хан настайдаа авсан тэрбээр өнгөрсөн онд зургаа дахь удаагаа үүрэг гүйцэтгээд иржээ. Үүрэг гүйцэтгэсэн газар нь Афганистан. Хуурай, халуун цаг агаарт дасан зохицох нь түүнд амар байгаагүй ажээ. Хэдийгээр эх орондоо сэтгэл зүйгээс эхлээд бүх зүйлдээ дасан зохицох 45 хоногийн хээрийн сургуулилалтад хамрагдсан ч бодит байдал тэс өөр байсан гэнэ.


Энэ тухайгаа О.Мягмарсүрэн, “Анх явахдаа догдлол, айдас аль аль нь давхцаж байлаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсноо гэр бүлдээ, найзууддаа хэлэхэд маш их урам өгсөн. Ингээд Афганистанд очсон. Төсөөлснөөс тэс өөр орчин угтлаа. Хагас жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэх даалгавартай. Эхний хэд хоног үнэхээр хүнд санагдсан. Гэвч удалгүй дасан зохицсон доо. Өдөр бүр гарах буун дуу, амиа золиослогчдын халдлага. Энэ бүхэн эхэндээ хүнд байсан. Намайг үүрэг гүйцэтгэх хугацаанд манайд ийм зүйл тохиолдоогүй ч бусад орны штабт болсныг сонсоод дотроо битүүхэн түгшиж л байлаа. Сүүлдээ дассан” хэмээв.


Ингээд зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн тэрбээр эх орон, элгэн садан, гэр бүлдээ баатарлаг түүхтэй эргэн ирсэн юм. Түүнээс хойш 2012, 2014, 2017, 2021, 2023-2024 онд нийт таван удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож, жинхэнэ “хашир шонхор” болжээ. Зургаан удаагийн тавд нь Афганистанд үүрэг гүйцэтгэсэн бол хамгийн сүүлд 2023-2024 онд нэг жилийн хугацаатай үүргээ Өмнөд Суданд нэг төртэй  биелүүлсэн байна.


Түүний аав Ц.Отгонбаатар ахмад цолтой цэргийн хүн. Цаашилбал, 2003 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхны бүрэлдэхүүнд багтаж байсан нэгэн. Аавыгаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн тэр мөчөөс О.Мягмарсүрэнд цэргийн албан хаагч болсны хэргийг гаргаж цэнхэр дуулгатан болох мөрөөдөл нь эхэлсэн гэдэг. Долоодугаар ангийн сурагч байхаасаа л цэргийн амьдралд хөл тавьсан тэрбээр анх Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хөгжмийн салаанд оржээ. Эндээс мөрдөс зүүсэн монгол эрчүүдийн нэг болох эхлэлээ тавьсан байна. Дараа нь Үндэсний батлах хамгаалах их сургуулийн хөгжмийн ангид элсэн суралцаж төгсөөд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид үлээвэр найрал хөгжмийн салаанд нэгджээ.


Тэрбээр цэргийн амьдралыг сонгосон тухайгаа “Аав маань цэргийн хүн. Тиймээс аавынхаа мэргэжлийг өвлөж авах битүүхэн хүсэл, мөрөөдөлтэй байсан. Аавын цэргийн хувцсыг өмсөн толинд харж ёсолдог байлаа. 1999 онд Хилийн цэргийн ангийн хөгжмийн салаанд багтсанаас хойш 26 жил энэ амьдралаар амьдарч байна. Гэрийнхэн минь хүчлээгүй ч аавын маань нөлөө их л дээ. Хэдийгээр “Миний хүү цэргийн хүн бол” гэж шууд хэлээгүй ч оюун санаанд минь тэгтлээ гүнзгий нөлөөлнө гэж бодоогүй. Ялангуяа 2003 онд Ирак улсад анхны энхийг сахиулагчаар үүрэг гүйцэтгээд ирснээс хойш аавынхаа мэргэжлийг өвлөн авч, энэ салбарын хүн болно гэдэг бат итгэлийг олж авсан” хэмээн дурсан ярьж байна.

.

Харин энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэнхэр дуулгатнуудынхаа тухай ярихдаа, “Маш том үүрэг, хариуцлага, нэр хүндийг дааж явна гэдэг хэцүү. Тэнд хувь хүний тухай биш Монгол Улсын бие бүрэлдэхүүний тухай л ярина. Тиймээс эхнээсээ сахилга баттай, дүрэм журмыг чанд сахих үүрэгтэй. Монголын энхийг сахиулагчид энэ талд онцгой анхаарал хандуулдаг учраас олон улсад нэр хүндтэй байдаг. Монгол Улсын нэрийн өмнөөс явж байгаа бид жижиг алдаа ч гаргах эрхгүй шүү дээ. Би цэнхэр дуулгатнуудаараа, монгол цэргүүдээрээ бахархдаг. Монгол цэргүүд очсон улс, орон бүрдээ нэгдүгээрт шүү дээ. Маш нэр хүндтэй. Энэ ташрамд, “МОНЦАМЭ” агентлагаар дамжуулан 10 гаруй оронд энхийг сахиулах ажиллагаанд гар бие оролцож, үүргээ нэр төртэй биелүүлсэн, өдгөө биелүүлж яваа нийт цэнхэр дуулгатнууддаа “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэнд хүргэе” хэмээж байв.


Цэнхэр гаргийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваа дэлхийн сая гаруй аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэнхэр дуулгатай дайчин монгол эрчүүд, эмэгтэйчүүдээс нэгийг нь онцлоход ийм байна. Хэний ч мэдэхгүй монгол цэрэг өөрсдийн ур чадварыг харуулж чадсанаар НҮБ-д итгэл хүлээн цаашид Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Хойд, Өмнөд Судан, Афганистан, Сьерра Леон, Конго, Баруун Сахар, Либери зэрэг улс дахь энхийг сахиулах ажиллагаанд тэргүүн эгнээнд сонгогдон үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Монгол Улс НҮБ-ын жирийн нэгэн гишүүн орон байсан бол цэнхэр дуулгатан цэргүүдийнхээ ачаар идэвхтэй гишүүн болж, НҮБ-д Монгол Улсын эзлэх байр суурь өсөн нэмэгдэхэд монгол цэрэг үнэтэй хувь нэмэр оруулж чадсан юм. Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болов. 









関連ニュース
コメント