“Аль-Наср” клуб К.Роналдутай гэрээгээ сунгахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-30 17:45:58

ЭР-РИЯД, 2025 оны тавдугаар сарын 30 /Reuters/. Аль-Наср” клуб Криштиану Роналдутай байгуулсан гэрээгээ сунгах талаар хэлэлцээ хийж буй энэ үед “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзнийг авахаар олон баг өрсөлдөж байна гэж Саудын Арабын тус клубийн спортын захирал Фернандо Йерро пүрэв гарагт мэдэгджээ. 


Даваа гарагт Аль-Фатех цэнгэлдэх хүрээлэнд болсон Аль-Наср”-ын улирлын сүүлчийн тоглолтын дараа 40 настай португал довтлогч Энэ бүлэг ингээд дууслаа. Түүх бичигдсээр л байна хэмээн нийгмийн сүлжээний хаягтаа бичсэний дараа түүний цаашдын замналын талаар олон янзын таамаглал дэвшүүлж эхэлсэн байна.


Роналдугийн Аль-Наср-тай байгуулсан гэрээ зургаадугаар сарын 30 хүртэл хүчинтэй. Бид гэрээгээ сунгахын тулд үргэлжлүүлэн ажиллах болно, мөн түүнийг авах сонирхолтой клуб олон байгаа гэж Ф.Йерро хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.


Аль-Наср баг Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч чадаагүй боловч ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 13-нд АНУ-д болох тэмцээнд Роналду тоглох талаар яригдаж байгаа гэжээ.


ФИФА-гийн зүгээс тус тэмцээнд оролцох тоглогчдыг элсүүлэх тусгай солилцооны цонхыг клубүүдэд бий болгосон бөгөөд “Видад Касабланка” клуб Роналдуг авах сонирхолтой байсан боловч өнгөрсөн долоо хоногт Мароккогийн талын эх сурвалж түүнийг авах талаар яриа хэлэлцээ хийгээгүй гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.


Саудын Арабын мэргэжлийн лигийн улирлын шилдэг мэргэн буучаар шалгарсан К.Роналдуг Саудын хөл бөмбөгийн түүчээлэгч гэж Ф.Йерро тодорхойлсон байна. “Роналдуг авчирсан нь үндэсний хэмжээний төсөл юм. Тэрбээр энэ улсын хөл бөмбөгийг дэлхийд таниулж чадсан. Тэрбээр Саудын Арабын лигийг дэлхийд таниулахаар зориглосон нь үнэхээр гайхалтай явдал мөн” гэж тэрбээр ярьжээ.



関連ニュース