“Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. СЗХ, Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжих замаар тогтвортой, ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Санамж бичгийн
хүрээнд талууд шинэлэг санхүүжилтийн хэрэгслүүдийг нэвтрүүлж, байгаль орчин,
нийгэм, засаглалын шаардлагуудыг хэрэгжүүлэх замаар хөрөнгийн зах зээлийг
хөгжүүлнэ. Түүнчлэн үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид болон бусад холбогдох
талуудын мэдлэг, ойлголтыг сайжруулж, чадавхыг бэхжүүлж, тогтвортой байдлын
тайлагналын удирдамжийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийх аж.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц ярихдаа, "Бид “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн хоёр дугаар үе шатыг албан ёсоор эхлүүлж байна. Дотоодын компаниудад ногоон бондоос гадна байгаль орчин болон нийгэмд чиглэсэн тогтвортой хөгжлийн дэмжих, зорилгоо биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд бондын хүүгээ нэмэх, нэмэлт төлбөр өгөх зэргээр санхүүгийн хариуцлага хүлээдэг бонд зэрэг тогтвортой санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн эх үүсвэрийг нь төрөлжүүлэх боломж бүрдэнэ” гэв.
Ташрамд дурдахад, талууд Монгол Улсад ногоон санхүүгийн зэх зээлийг хөгжүүлэх зорилгоор 2020 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байжээ.