Иран, Израил улсууд агаарын цохилтуудаа үргэлжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-15 12:39:07

ТЕХРАН, 2025 оны зургаадугаар сарын 15 /DW/. Иран, Израил улсууд агаарын цохилт өгөх ажиллагаагаа бямба гарагт үргэлжлүүлжээ. Харин Герман, Франц зэрэг улс орнуудын удирдагчид өргөн хүрээг хамарсан дайн дэгдэхээс зайлсхийхийн тулд хурцадмал байдлыг намжаахыг уриалсан байна.


Их Британи, Франц, АНУ-ын цэргийн баазууд Израилд цохилт өгөхийг зогсооход дэмжлэг үзүүлбэл тэдгээр баазуудыг онилох болно гэж Ираны тал сүрдүүлсний дараа Ойрх Дорнодод нэмж нисэх онгоцууд байрлуулж байгаагаа Их Британийн тал мэдэгджээ.


Харин хөрш Ирак дахь АНУ-ын объектуудад цохилт өгөхгүй байхыг Иракийн эрх баригчид Иранаас хүссэн байна. Жихадуудтай тэмцэх ажиллагааны хүрээнд АНУ-ын 2500 орчим цэрэг Иракт байрлаж байгаа юм.


Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар энэ амралтын өдрүүдэд хийхээр төлөвлөж байсан Иран, Америкийн төлөөлөгчдийн хэлэлцээг цуцалсан тухай хоёр улсын хооронд зуучилж байсан Оманы тал мэдэгджээ.


Израилын тал бямба гарагт Ираны гол дэд бүтцийг онилж, Өмнөд Парсын хийн ордод цохилт өгчээ. Дэлхийн хамгийн том байгалийн хийн орд болох Өмнөд Парс нь Ираны байгалийн хийн олборлолтод чухал ач холбогдолтой юм.


Баасан гаргийн орой эхэлж, бямба гарагт үргэлжилсэн Израилын дайралтын улмаас 80 хүн амиа алдаж, 320 гаруй хүн, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд шархадсан гэж Ираны талаас мэдэгджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд цөмийн судалгааны есөн эрдэмтэн байгаа гэх мэдээлэл байна.


Харин Израилд бямба гарагт өгсөн агаарын цохилтуудын улмаас гурван хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ.

関連ニュース