Исламын хувьсгалт гвардийн корпусын командлалын төвүүдэд цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-16 16:13:48

ТЕЛЬ-АВИВ, 2025 оны зургаадугаар сарын 16 /DW/. Ираны стратегийн ач холбогдол бүхий байгууламжууд руу Израилын арми дөрөв дэх шөнөө дараалан довтолжээ.  


Ираны төв хэсэгт байрлах "газар-газар" ангиллын пуужингийн агуулах, түүнчлэн Техран дахь Исламын хувьсгалт гвардийн корпусын хэд хэдэн командлалын төвд зургаадугаар сарын 16-ны даваа гаргийн өглөө цохилт өгсөн гэж Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) мэдээлсэн байна. Мөн Ираны баруун хэсэгт “газар-газар” ангиллын пуужин хадгалдаг байж болзошгүй олон арван объектод цохилт өгсөн тухай Израилын тал ням гаргийн орой мэдээлжээ. Түүнчлэн зүүн хойд нутгийн Мешхед хотын нисэх онгоцны буудал руу довтолсон байна.


Ираны пуужингийн цохилт

Ираны тал мөн пуужингийн цохилтуудаа үргэлжлүүлжээ. Сүүлийн мэдээллээр, Израилын төв хэсэгт өгсөн цохилтын улмаас таван хүн амиа алдаж, 92 хүн шархадсаны ихэнх нь хөнгөн шархадсан байна. "Франс Пресс" агентлаг Тель-Авив хотод шатаж буй орон сууцны барилгууд болон далайн эргийн Хайфа хотын ойролцоо гарсан түймрийн бичлэгийг нийтэлжээ. Иерусалим хотод хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдсон байна. Израилын объектуудад "илүү их сүйтгэл дагуулсан" цохилт өгнө гэж Исламын хувьсгалт гвардийн корпус мэдэгдсэн байна. 


Израил улс урьд өмнө байгаагүй цар хүрээтэй довтолгоог зургаадугаар сарын 13-ны шөнө Ираны эсрэг эхлүүлж, тус улсын цөмийн байгууламжууд болон цэргийн дэд бүтцэд цохилт өгсөн байна. Уг ажиллагааны үеэр олон тооны өндөр албан тушаалтнууд амь үрэгджээ. Үүний хариуд Иранаас Израилын нутаг руу пуужин харваж, дроноор цохилт өгсөн байна.


Ираны эрх баригчдын мэдээлснээр, Израилын агаарын цохилтуудын улмаас өнгөрсөн баасан гаргаас хойш 224 хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархадсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израилд агаарын цохилтын түгшүүрийн дохио хэдэнтээ дуугарчээ.


関連ニュース