Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-18 14:28:47

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ. Захидалд,


“Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа, Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тухай сонсоход таатай байна. Миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баяр хүргэе.


Хятад, Монгол хоёр улс нь харилцан биеэ чухал хөрш хэмээн үздэг билээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн манлайлал дор Хятад, Монголын харилцаа тогтвортой хөгжиж, хоёр улсын ард иргэдэд бодит үр өгөөжөө өгч байгаа төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж байна.


Миний бие Тантай ажлын болон хувийн найрсаг сайхан харилцаа тогтоож, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийг цогцлоох зорилтыг удирдлага болгон талуудын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр талын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, бүхий л салбарын хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байна. 


Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, амар амгалан, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ. 

 

関連ニュース