Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын талаарх хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийг энэ сарын 23,24-нд зохион байгуулна.
Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцын хорооны хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх арга зам, шийдлийг тодорхойлох зорилготой энэхүү нэгдсэн хэлэлцүүлгээр НҮБ-ын хүний эрхийн тогтолцоо болон парламентын үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны асуудлыг иж бүрнээр авч хэлэлцэх юм.
Нэгдсэн
хэлэлцүүлгийн эхний өдөр Монгол Улс ба НҮБ-ын хүний эрхийн төлөв байдал,
хяналтын байгууллагууд, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай
конвенц, уг конвенцын хороо, конвенцын хэрэгжилт, бодит байдлын талаарх
дөрвөн хэсгийн хэлэлцүүлэг явагдана. Эдгээрээр НҮБ-ын хүний эрхийн гэрээ,
механизмууд, мөн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн механизм, Монгол Улсын Хүний
эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл, түүнийг хэлэлцүүлэх, хяналт тавих үйл
ажиллагаа, мөн Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц,
түүний нэмэлт протокол, үүнд нэгдэн орсны ач холбогдол, зорилт, уг конвенцын
хороо ба парламентын хамтын ажиллагаа, Монгол Улсаас 2022 онд хэлэлцүүлсэн 10
дахь тайлан, түүний хэрэгжилт, уг тайланг хэлэлцүүлэх, хэрэгжилтэд хяналт
тавих парламентын үүрэг, парламентын гишүүдэд зориулсан энэ талаарх гарын
авлага, Бүгд Найрамдах Узбекистан Улсын жишээ, Хүний эрхийн төлөв байдлын
2020 оны ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, тэдгээрийг
хэрэгжүүлэхэд гарсан ахиц, дэвшил, цаашид сайжруулах чиглэлүүд, энэ асуудлаарх
парламентын механизм зэрэг илтгэл, сэдвүүдийг хэлэлцэж, дүгнэлт хийн, эн
тэргүүнд анхаарах асуудлуудыг тодорхойлно.
Ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, УИХ-ын гишүүн С.Зулпхар, НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан, ОУПХ-ны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедемах, ОУПХ-ны Хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Т.Амгалан, “Хүний эрх хөгжил төв” ТББ-ын тэргүүн Г.Уранцоож нар илтгэл тавих юм.
Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажилисын
хууль тогтоох танхимын гишүүн, Узбекистаны Хүний эрхийн үндэсний төвийн
захирал, НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн Саидов
Акмал Холматович цахимаар оролцож, илтгэл танилцуулга хийнэ гэж УИХ-ын
Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.