Евроазийн холбоотой худалдааны түр хэлэлцээр байгуулахаар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын түр хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ЭЗХЯ, ГХЯ, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав нар Беларус улсын нийслэл Минск хотод энэ сарын 26-27-ны өдөр болсон Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдаан, Евроазийн эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ тус хэлэлцээрт гарын үсэг зурав.
Монголын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд 200 сая гаруй хүн амтай, ЕАЭЗХ-ны гишүүн орон болох ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армени улсуудад гаалийн татваргүй 367 төрлийн бараа бараа бүтээгдэхүүн экспортлох боложтой боллоо. Тухайлбал, дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн 5 хувийн албан татварыг тэглэж, түлшний үнэ гэхэд литр тутамд 147 төгрөгөөр буурч байна. Түүнчлэн тамхи гаалийн татваргүй орж ирэх эсэх нь анхаарал татаж байсан бол тамхины биет хэмжээг нэмэхгүй байх, гаалийн татварыг Онцгой албан татвараар нөхөн тооцуулахаар шийдвэрлэжээ. Сахартай, сахаргүй хуурай сүүнд тус бүр 1500 тонн квот тогтоож, 90 сая ширхэг хүртэлх квот хэмжээтэй өндөгний гаалийн татварыг 50 хувиар багасгаж, 7,5 хувиар тооцно. Цагаан архинд 30 хувь, шар айрагт 18,75 хувийн татвар ногдуулна. Бяслаг, хайлмал бяслаг, цөцгийн тосыг Монголд импортлоход 7,5 хувийн татвартай байхаар тохиролцжээ.
ЕАЭЗХ-ны
гишүүн 5 улсад мах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний 15 тэрбум доллар
буюу 47,5 их наяд төгрөгийн зах зээл бий. Манай улс малын гаралтай түүхий эд, арьс ширийг
үнэ цэнтэй болгож малчид, үйлдвэрлэгчдийн ашиг орлого өснө. Худалдааны ерөнхий
тэнцвэрийн загвар ашиглан хийсэн судалгаанаас үзвэл, мах, махан бүтээгдэхүүний
экспорт 140 хувь хүртэл, савхин эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт 152 хувь,
оёмол, сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт 134 хувь хүртэл өсөх
боломжтой байна.
Хэлэлцээрийг
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулна.