Монгол, Нидерландын ГХЯ-д хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-30 14:41:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн VI зөвлөлдөх уулзалт Гааг хотноо энэ сарын 27-нд болов.


Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол, Нидерландын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан томоохон зорилтуудын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бусад салбарт өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулахад бэлэн болсонд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр улсын иргэд хоорондын солилцоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бий болгоход үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.


Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Улс төрийн зургаадугаар зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, айлын талаас Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Доминик Кухлинг нар тэргүүлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

関連ニュース