Нийслэлийн дулааны үндсэн шугамыг угсарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-18 14:57:49

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 Г, Д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлын хүрээнд үндсэн замыг сэтэлж, шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдэд хийж байна.


Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний замын урд талд Хатанбаатар Магсаржавын гудамжны арын уулзвар, Богд уулын арын зам, Энхтайваны өргөн чөлөө Жуковын урд хөл хөдөлгөөн ихтэй хэд хэдэн байршилд зам сэтэлж, шугам угсарсан. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Энерго сервис монтаж” ХХК 25 дугаар эмийн сангаас төмөр замын BSB цахилгаан барааны дэлгүүр хүртэл дулааны шугамыг өргөтгөх ажлыг хийж буй юм. 


Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж ярихдаа,  “770 метр хос буюу нийтдээ 1540 метр ф800мм-ийн шугамыг ф1000 мм болгон өргөтгөх ажилд авто зам сэтэлж, зам доогуур хагас нэвтрэх туннелтэй шугамыг долоодугаар сарын 13-18-нд угсарч дууслаа. Цаашид шугам угсрах ажил үргэлжилнэ. Гэхдээ туннелтэй учир авто замыг сэтэлж шугам сүлжээ солихгүй. Бид 10 машин механизм, 27 хүний бүрэлдэхүүнтэй хоёр ээлжээр ихэвчлэн шөнийн цагаар зам сэтэлгээний ажлыг хийсэн. 11 Г, Д бол Улаанбаатар хотын гол магистрал шугамын нэг. Уг шугам нь 1984 онд ашиглалтад орсноос хойш 41 жил нэг ч удаа шинэчлээгүй. ААН-үүд тус шугамын трасс руу зөвшөөрөлгүй өргөтгөл их хийсэн, үүнийг чөлөөлөх асуудлууд байна. Асуудлыг шат шатанд зөвшилцөөд шийдэж байгаа” гэв.


Шугам ашиглалтад орсноор хотын төв орчим, Төмөр зам орчмын дулаан хангамж 20 орчим хувь нэмэгдэх ач холбогдолтой бөгөөд инженерийн шугам сүлжээний ажлыг дулааны улиралд яаравчлан гүйцэтгэхийн тулд шахуу хуваариар амралтын өдрийг ч үл харгалзан, мөн иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болохгүйн тулд ихэвчлэн шөнийн цагаар зам хаах ажлыг гүйцэтгэж байгааг гүйцэтгэгчид болон УБЗАА-ны холбогдох албаныхан тодотгов.











関連ニュース