ХОВД: Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойн баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-08 14:25:55

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна.


Түүхт ойн баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Баярын хуралд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд оролцож, эрүүл мэндийн салбарын бодлого, зорилт, түүхэн амжилтаа онцлон ярилцаж байна. 

Өдгөө Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн 114 байгууллага 1565 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч иржээ. Мөн энэ онд эрүүл мэндийн салбарыг дэмжихэд нэг тэрбум төгрөг төсөвлөж, “Чадварлаг эмч мэргэжилтэн”, "Эрүүл эр хүн”, “Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” зэрэг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. 


Ховд аймгийн Эрүүл мэндийн салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Зочид төлөөлөгчид Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг буюу Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах ба бөхийн барилдаан, шагайн наадгай, дартсын тэмцээн зэргийг тусгай хөтөлбөрийн дагуу Буянт голын хөвөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

 

関連ニュース