Нагасакид атомын бөмбөгт амь хохирогсдын дурсгалыг хүндэтгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-08-09 12:23:01

НАГАСАКИ, 2025 оны наймдугаар сарын 9 /NHK/. Дэлхийн II дайны үеэр Японы Нагасаки хот атомын бөмбөгт өртсөнөөс хойш яг 80 жил өнгөрч байна.


Атомын бөмбөгийн уршгаар амиа алдсан олон арван мянган хүний дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил тутам зохион байгуулдаг ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс төлөөлөгчид ирж оролцдог бөгөөд энэ жил 94 улс орон, бүс нутгийн төлөөлөл оролцжээ.


Өнөө өглөө болсон ёслолын үеэр амь эрсэдсэн хүмүүсийн шинэчилсэн жагсаалтыг дурсгалын цогцолборт байрлуулжээ. Үүнд атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн боловч өнгөрсөн 12 сарын хугацаанд нас барсан хүмүүсийн нэрс багтсан байна. Жагсаалтад бичигдсэн нэрсийн тоо өдгөө 201 942-т хүрчээ.


1945 оны наймдугаар сарын 9-ний өдөр атомын бөмбөг хаясан яг тэр мөчид буюу өглөөний 11:02 цагт ёслолд оролцогчид нэг минут чимээгүй зогсон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Өдгөө атомын бөмбөгт өртсөн ч эсэн мэнд үлдсэн хүмүүсийн тоо 100 мянгаас доошилсон бөгөөд тэдний дундаж нас 86 байна.


Хотын дарга Сүзүки Широ энх тайвны тунхаглалыг айлдах үеэрээ дэлхий даяар үргэлжилж буй зөрчил мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалжээ. Ерөнхий сайд Ишиба Шигэрү хэлэхдээ, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг Япон улс удирдан манлайлах болно гэжээ. 

関連ニュース