ДАРХАН-УУЛ: Ган боловсруулах цогцолборын байршлыг хөрөнгө оруулагч тодорхой болох үед шийднэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд, албаны төлөөлөл өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-нд ажиллаж үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.
Төмөрлөгийн үйлдвэр энэ оны хагас жилийн байдлаар татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж зорилтот түвшний голлох үзүүлэлтүүдийг бүрэн биелүүлжээ.
Түүнчлэн ажилтнуудынхаа цалинг 2-3 удаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн зэрэг шинэ удирдлагын багийн зөв менежментийн үр дүнд гарсан эерэг үзүүлэлтүүд их байгааг танилцуулах итгэлд дурдлаа.
Гэвч өнөөдөр үйлдвэрлэлийнхээ нийт хүчин
чадлын ердөө 20 орчим хувийг ашиглаж байгаа нь гадагш урсах валютыг нэмэгдүүлж
байна. Иймд өртөг зардлаа сайтар нягтлан бүрэн хүчин чадлаараа ажиллахад онцгой
анхаарахыг Монгол Улсын сайд үүрэг болголоо.
Хаягдал төмрийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, үнэ хямд, чанар сайтай арматур үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах үндсэн зорилгоосоо хазайхгүй ажиллахыг мөн санууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэг нь Гангийн цогцолбор юм. Тус төслийг бодит болгох ажлыг эрчимжүүлэх талаар мөн ярилцаж Төмөрлөгийн үйлдвэрийг “Эрдэнэс Монгол” толгой компанитайгаа бодлогоо нэгтгэн Гангийн үйлдвэрийг байгуулах олон улсын нээлттэй тендер зарлаж, стратегийн хөрөнгө оруулагч орж ирсний дараа байршлаа эцсийн байдлаар тодорхойлж дараа, дараагийн асуудлуудыг ярилцан шийдвэрлэх, урьдчилсан ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах зэрэг шийдэл гаргалаа.
Ган боловсруулах цогцолбор ашиглалтад орсноор жилд нэг саяас дээш тонн хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангаж 1200 орчим шинэ ажлын байр бий болох тооцооллыг гаргаад байгаа юм.
Аймгийн удирдлагуудын зүгээс орон
нутагт Гангийн цогцолбор байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтойг
хэлээд Засгийн газрын бодлого шийдвэрийг дагаж ажиллахаа илэрхийллээ.