Польшийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-28 12:52:40

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Польшийн бизнес уулзалт”-ыг Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгууллаа.


Уулзалтаар талууд өөрийн орны эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл солилцсоныг МҮХАҮТ мэдээлжээ.


Польш Улсын Засгийн газрын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг Экспортын зээлийн даатгалын корпораци (KUKE S.A.)-ийн төлөөлөгч Катарзина Ковальски илтгэлдээ энэ оны 10 дугаар сараас Польш Улсын аж ахуй нэгжтэй хамтран ажиллах хүсэлтэй Монгол Улсын аж ахуй нэгжүүдийн зээлжих эрх нэмэгдэж, хүү багасаж, зээлийн таатай нөхцөл үүсэж байгааг дурдав.


Тус уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Монгол улсын бизнесийн орчны талаар танилцуулж, Бүгд Найрамдах Польш Улсын санхүү, даатгал, нягтлан бодох бүртгэл, гоо сайхны, уламжлалт анагаах ухааны, мах, махан бүтээгдэхүүн, боловсролын, зар сурталчилгаа, медиа, хууль, эрх зүй, соёл урлагийн салбарын 12, Монгол Улсын талаас 30 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцон В2В уулзалт хийж саналаа солилцжээ

関連ニュース