БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга, БНАСАУ-ын удирдагч нар гар барьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга У Вон Шиг лхагва гарагт Хятадад болсон цэргийн парадын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай гар барьсныг түүний ажлын албанаас мэдээлжээ.
Бүгд Найрамдах
Хятад Ард Улс Дэлхийн II
дайнд Японыг ялсны ойг тохиолдуулан Тянь Ань Мэний талбайд зохион байгуулсан
парадыг үзэхийн өмнө хоёр тал түр уулзаж бие биетэйгээ мэндэлсэн гэж тус
албанаас мэдээлсэн байна.
Тэднийг ийнхүү
уулзаж байгааг ойроос харсан хүмүүсийн ярьснаар, У Вон Шигийн зүгээс Ким Жөн
Унд хандан “Бид сүүлд уулзсанаас хойш долоон жилийн хугацаа өнгөрч байна”
хэмээн хэлжээ. Ким Жөн Ун хариуд нь “Тиймээ” хэмээн товчхон хариулсан байна.
Тэд 2018 онд
болсон Сөүл, Пёньяны дээд хэмжээний уулзалтын үеэр буюу У Вон Шигийг Ардчилсан
намын бүлгийн даргаар ажиллаж байх үед анх удаагаа уулзаж байжээ. Тухайн үед У Вон
Шиг Умард Солонгосын удирдагчид өөрийн гэр бүлийн түүхээ хуваалцаж, аав нь Умард
Солонгосоос гаралтай бөгөөд хоёр эгч нь одоо ч тэнд амьдардаг, өдгөө Өмнөд
Солонгост амьдарч буй ээж нь тэднийг маш их санаж байгаа талаар ярьж байв.
У Вон Шиг мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, ирэх сард Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Кёнжү хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. Энэ нь У Вон Шигийн хувьд Ши Жиньпинтэй хийсэн хоёр дахь уулзалт бөгөөд өмнө нь тэд өнгөрсөн хоёрдугаар сард Харбин хотноо хэлэлцээ хийж байлаа.
Мөн У Вон Шиг
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Орос дахь Өмнөд Солонгосын
130 орчим компанийг дэмжихийг Москвад уриалсан байна. Энэ үеэр В.Путин Солонгос
хоорондын харилцаа, Солонгосын хойгийг тойрсон асуудлуудыг сонирхож, Умард
Солонгос-Оросын дээд хэмжээний уулзалт болбол Ким Жөн Унд дамжуулахыг хүсэж байгаа үг
байгаа эсэхийг У Вон Шигээс асуужээ.
Хариуд нь У Вон
Шиг хоёр Солонгос “энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрин үеийг эхлүүлж чадна”
гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, сорилт бэрхшээлүүд тулгарч байгааг үл
харгалзан Солонгосын хойгт энх тайвныг тогтооход хамтын хүчин чармайлт гаргах
нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
В.Путин, У Вон
Шиг нар албан ёсны уулзалт хийгээгүй боловч түр уулзаж бие биетэйгээ мэндэлсэн
байж магадгүй гэж хожим нь Кремль мэдэгджээ.
У Вон Шиг баасан
гарагт эх орондоо эргэн ирэхээсээ өмнө Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал
болон Төрийн Зөвлөлийн өндөр албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөсөн байна.