ХАМАС: Барьцаанд байгаа бүх хүнийг суллахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-04 09:58:44

КАИР, 2025 оны есдүгээр сарын 4 /Reuters/. Израилын талтай байгуулах гэрээний дагуу урьдчилан тохиролцсон тооны палестин хоригдлыг Газын зурваст барьцаанд байгаа бүх хүнээр солилцоход бэлэн байгаагаа ХАМАС бүлэглэлийнхэн лхагва гарагт дахин нотолжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп барьцааны 20 хүнийг бүгдийг нь суллахыг ХАМАС бүлэглэлийнхэнд уриалсны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас ХАМАС-ын мэдэгдлийг шүүмжилжээ. “Харамсалтай нь энэ бол ямар нэгэн шинэ зүйлгүй ХАМАС-ын ээлжит мэдэгдэл юм” гэж тус алба мэдэгдсэн байна.


Барьцаанд байгаа хүмүүсийг бүгдийг нь суллаж, ХАМАС бүлэглэлийн зэвсгийг хурааж, Газыг цэрэггүй болгож, Газын бүсийг Израилын хяналтад байлгаж, ХАМАС болон Палестины засаг захиргаанаас хамааралгүй засаглалыг байгуулснаар тус зурваст дайн дуусна гэж Б.Нетаньяхугийн ажлын алба дахин мэдэгджээ.


Наймдугаар сард ХАМАС бүлэглэлийнхэн Израилын талтай 60 хоногийн турш гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнд Газад барьцаанд байгаа хүмүүсийн тал хувийг шилжүүлэн өгсний хариуд Израилын талаас палестин хоригдлуудыг суллах нөхцөл багтсан юм. Египетийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, ХАМАС-ын хүлээн зөвшөөрсөн саналд Израилын цэргийн ажиллагааг 60 хоногоор зогсоох, хоёр жил орчмын турш үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоох гэрээний нөхцөлүүдийг тодорхойлжээ.


Харин Б.Нетаньяху түүнээс хэдэн өдрийн дараа мэдэгдэхдээ, Израилын тал Газад барьцаанд байгаа бүх хүнийг суллах, дайныг зогсоох асуудлаарх хэлэлцээг нэн даруй үргэлжлүүлнэ гэсэн боловч Израилын талын хүлээн зөвшөөрч болохуйц нөхцөлүүдийн дагуу гэдгийг тодотгон хэлсэн юм. 

関連ニュース