СҮХБААТАР: Зүүн бүсийн оюутнууд УИХ-д тэтгэлэгтэй дадлага хийх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-07 17:25:12

Баруун-Урт 2025 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Эргэх холбоо хөгжлийн хөтөлбөр, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албанаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн харъяалалтай их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд "Оpen parliament - Зүүн бүс" оюутны дадлагажих, тэтгэлэгтэй  хөтөлбөрийг зарлалаа.

 

Зүүн бүсээс сонгогдсон гишүүд тус бүр таван оюутантай хамтран ажиллах бөгөөд оюутнууд тухайн гишүүний санаачилсан нэг хуулийн төсөл дээр ажиллаж, парламентын үйл ажиллагаанд мэргэжлийн чиглэлээр оролцох, зүүн бүс нутагт нэг үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах, хувь хүний хөгжлийн болон чадавхжуулах сургалтад хамрагдах эрхтэй болох юм.

Бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд есдүгээр сарын 30-наар дуусгавар болж, арван хоёрдугаар сарын 20-ныг дуустал хөтөлбөр үргэлжилнэ. 17-25 насны нийт 30 оюутан хамрагдаж, хоёр сарын хугацаанд тэтгэлэг авна.

 

УИХ-ын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шинжилгээ хийх ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, оюутан залуусын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэхэд уг хөтөлбөр чиглэнэ. Тодруулбал, парламентын үйл ажиллагаатай танилцуулах замаар тэдний санаачилга, оролцоог дэмжих, мэргэжлийн туршлага олгох, орон нутгийн ирээдүнй манлайлагчдыг бэлтгэхийн зэрэгцээ зүүн бүсийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой юм.

 

関連ニュース