Чингис хаан Үндэсний музейд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэттийн хамт өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд зочлов.
Хүндэт зочдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Ч.Ундрам, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авсан юм. Зочид
тус музейн танхимууд дахь ховор үзмэрийг үзэж сонирхсоны дараа Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн музейн тусгай үзүүллэгийн танхимаар зочилж, “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхов. Үүний дараа Амбан захирагч Саманта Мостин тус музейн Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурж, Монгол Улсад хийсэн айлчлалынхаа ач холбогдол, үр дүнгээр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өгөв.
Мөн өдөр Амбан захирагч нөхрийн хамт “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцлаа. Австралийн Засгийн газрын 2.5 сая ав.долларын санхүүжилттэй энэ хөтөлбөрийг өнгөрсөн оноос таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм.
Эрхэм зочид мөн төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, Австралийн Засгийн газрын тэтгэлэг болон батлан хамгаалахын чиглэлээр суралцаж төгссөн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостиний манай улсад хэрэгжүүлж буй айлчлал 2025 оны есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд үргэлжилж байна.