Гаалийн журмыг шинэчилж, шат дамжлага 40 хувиар багаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-09 15:57:51

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд Н.Учрал ахалж байна.


Ажлын хэсгийн шийдвэрээр өнгөрсөн 7 дугаар сарын 24-нөөс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт явуулж, гаалийн үйл ажиллагааны 141 асуудал, 136 эрсдэлийг илрүүлсэн бөгөөд үүний 82 хувь нь байгууллагын дотоод хүчин зүйлээс шалтгаалж, өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжтой гэж дүгнэжээ. Улмаар шалгалтын дүгнэлтэд үндэслэн гаалийн шат дамжлагыг багасгах, нийтлэг журмыг шинэчлэх, холбогдох өөрчлөлтийг наймдугаар сард багтаан хийх үүргийг Тэргүүн шадар сайд Н.Учрал өгсөн юм.


Ингэснээр “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах ажил эхэлж, 18 мянган иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус 11 байгууллага, харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн нийт 362 саналыг нэгтгэн хууль тогтоомжид нийцүүлэн тусгаж шинэ журмыг баталжээ.


Шинэчилсэн журмаар гаалийн байцаагчийн хяналт шалгалт хийх алхам бүрд тодорхой хугацаа заажээ. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл гаалийн бүсэд орж ирснээс хойш нэг цагийн дотор шалгалт хийж, гаалийн бүсээс гарах хүсэлтийг нэг цагт багтаан шийдвэрлэх, бараа бүрдүүлэлтээ 72 цагийн өмнө цахимаар хүргүүлж цаг хэмнэх боломжтой болов. Мөн иргэн ААН, гаалийн аль хэсэг дээр ачаа бараагаа хянаж байгааг өөрөө давхар хянах цахим систем нэвтэрч байна.


Өмнөх журамд авто замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг 85 алхмаар хянадаг, улсын ахлах байцаагчаас хамаарсан 55 удаагийн үйлдэл байсныг өөрчилж цахимжуулсан нь энэ. Гаалийн хяналт цахимд шилжиж, зарим шаардлагагүй заалтыг хассанаар байцаагчаас хамаарсан хүнд суртал багасаж байгаа юм. Энэ нь иргэдэд учрах хүнд суртлыг бууруулахаас гадна, гаалийн ажилтнууд хувийн мэдрэмжээрээ шийдвэр гаргаж чирэгдэл учруулдаг байдлыг арилгах давуу талтайг албаныхан онцоллоо.


Шинэчилсэн журмын гол өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

1. Гаалийн мэдүүлгийг баталгаажуулах ажлыг цахимжуулж www.gaali.mn CAIS системд оруулав.

2. Улсын байцаагчийг CAIS системээр дамжуулж автоматаар томилно.

3. Баримт бичгийн бүрдүүлэлтийг цахимаар илгээнэ.

4. Рентген зургийг PDF файл болгон импортын ачааны манифестад хавсарган илгээдэг байсныг цуцалж цахим системд оруулав.

5. Барааны дагалдах бичиг баримт болон Гаалийн тухай хуулийн 35.5-д заасан бичиг баримтыг гаалийн байгууллагад цаасаар хүлээлгэж өгөх журмыг халж цахимд оруулав.

6. Авто замаар тээвэрлэн улсын хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллага хяналтын бүсэд оруулах үед жинлэж, жингийн мэдээлэл CAIS системд автоматаар бүртгэдэг боллоо.

7. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага хооронд цахимаар /ачааны манифестаар/ 3 цагийн дотор хяналтад явуулна.

8. Эрсдэлийн программаар тодорхойлсон бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих төлөвийг өөрчлөх зохицуулалтыг хассан. Ингэснээр гаалийн хяналт тавих төлөвийг зөвхөн эрсдэлийн программаар тодорхойлно.











関連ニュース