ЗАВХАН: Нутгийн дархчуудын урласан мөнгөн тоногтой тамганы хайрцаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-16 16:49:48

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй түүхэн үзмэрүүдийн нэг нь Засагт хан аймгийн мөнгөн тоногтой тамганы хайрцаг юм.


Тус хайрцгийг хийлгэхээр, 1911 онд Монгол Улс Манжийн дарлалаас ангижрахад Богдын засгийн газраас Засагт хан аймгийн ноён Д.Содномравданд даалгажээ. Ингээд нутгийн уран дархчуудыг цуглуулан мөнгөн тоногтой хайрцгийг хийлгэсэн байна. Ийнхүү албан ёсоор Богдоос тамгаа хүлээн авч байсан түүхтэй ажээ. Засагт хан аймгийг 1691 онд байгуулж 1931 онд татан буугджээ. 


Тамганы хайрцгийг модоор хийж хүрэн булгиараар бүрж, битүү мөнгөөр тоногложээ. Мөнгөн тоног нь дээд орой дээрээ луун хээ товойлгосон хийцтэй. Урд нүүрэн дээрээ галт шувууны дүрслэлтэй, өнцөг буландаа угалзан хээг хөөмөлдөж хийсэн байдаг.


Ташрамд, 2011 онд "Халхын Засагт хан аймаг" А.Очир нарын нэгэн сэдэвт бүтээлд хэвлэгдсэн. Уг хайрцаг нь Завхан аймгийн архивд хадгалагдаж байгаад 1950 онд Орон нутаг судлах музейн үзмэрт тавьжээ. 


Засагт хан аймгийн ноён Д.Содномравдан нь Засагт хан аймгийн 9 дэх ноён бөгөөд засаг төрийн жүн ван цолтойгоор 1898-1912 онд хошуугаа удирдаж байжээ. Түүнийг 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад идэвхийлэн оролцсонийг нь үнэлж, Жавзандамба хутагт Богд хаанаас үе улиран Эрдэнэ бишрэлт засагт хан цол хүртээж Шүүх таслах яамны зөвлөх сайдад тохоон томилж байсан түүхтэй ажээ.


関連ニュース