ХОВД: Цай чанах уламжлалт аргууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-19 01:11:37

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймагт урианхай, дөрвөд, захчин зэрэг 10 гаруй угсаатны бүлэг амьдарч байна. Эдгээр угсаатны цай, цайны соёл нь давтагдашгүй онцлогтой. 

Энэ удаа угсаатнуудын цай чанах уламжлалт арга, онцлог, давуу талыг танилцуулж байна.

             Торгууд угсаатан эмийн чанартай, ядаргаа тайлах цай чанадаг

Ховд аймгийн Булган сумын хүн амын 70 гаруй хувийг торгууд угсаатан эзэлдэг. Торгууд угсаатны цайны онцлог нь  чацарганын үр, жалбас навч, арвайн гурил, айргийн тос зэргээр  хийцэлж, удаан буцалгадаг. Ингэснээр эдгээр байгалийн жимс, ургамал, малын гаралтай идээний шим нь цайнд бүрэн сүлэгдэн уусаж эмийн чанартай, ядаргаа тайлах үйлчилгээтэй болно. 


Ингэж чанасан цай нь ууц нурууны бэртэнгийг хөөх, хүний ясыг хөлөргөн дэвтээж биеийг засах, илаарьшуулах, ядарч сульдсан хүний биеийн чадал хүчийг сэлбэх, шимт тэжээл, амин дэм болох чухал үйлчилгээтэй.

     Захчин угсаатан цай чанахдаа байгалийн давс ашигладаг 

Ховд аймгийн  Үенч, Алтай, Манхан, Мөст, Зэрэг  суманд  захчин угсаатан бий. Тэд хийцтэй буюу  хариулсан цай чанахдаа  тогоонд сүүлний өөх,  шар тос хийж хайлуулаад гурил цацаж тасралтгүй хутган шаргалттал нь хуурна. Гурилаа бөөгнөрүүлэхгүй жигд сайн хуурах нь  хийцэлсэн цайны гол анхаарах зүйл юм. 

Хуурсан гурил дээр идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд, сайтар самарч буцалгаснаар амттай сайхан цай бэлэн болдог аж. Захчин угсаатан байгалийн гаралтай  эко бүтээгдэхүүн хэрэглэдэг.


Алтай сумын “Ёлхон” гэх  газар  ургадаг  морол, жамц, цагаан, бор давс болон  ургамлын үр жимс, нохойн хошуу, хөх тарианы гурил гэх мэтээр цайгаа хийцэлж амт  оруулдаг. 

               Урианхай угсаатны тавласан цай

Урианхай угсаатан тавласан болон  хариулсан цай  чанадаг.

Хариулсан цайг хоолны ороор хэрэглэж,  хээр гадаа удаан хугацаанд явж байгаа, мөн мал хариулахаар явж байгаа хүнийг цайлдаг аж. 

Тавласан цай гэдэг нь сүүгээ хийлгүйгээр цайгаа идээшүүлж, буцааж юүлээд, сүүгээ тусад нь буцалгаж, улмаар нийлүүлсний дараа тос орхиж,  21 удаа самарч болгоод, галын бурхан, байгаль дэлхий, тэнгэр хангайдаа өргөсний дараа гэрийн эзэн хийгээд зочдод аягалан барьдаг.

               Халх угсаатны цай

Халх угсаатан нь зутантай, хийцтэй, бантантай, гурилтай, толгойтой зэрэг олон төрлийн цай чанадаг.

Тэдний хийцэлж тавласан цай нь эмчилгээний шинж чанартай, хий хуй дардаг, ядаргаа тайлдаг. Учир нь сүүлний өөх, гурил, борц, шар будаа зэрэг шим  тэжээлт зүйлээр хийцэлдэг юм.


Мөн хонины толгойтой цай хийхийн тулд толгойг хуйхалж тусад нь хоёр цаг битүү чанаж болгоод дараа нь цайндаа хийж, мөн идээ, давс, айргийн шар тос, хонины сүүл зэргээр хийцлэн, 108 удаа самарч болгодог аж. 

            Дөрвөд угсаатны хонины шийртэй хийцэлсэн цай

Дөргөн суманд ихэвчлэн дөрвөд угсаатан бий. Тэд хонины шийртэй хийцэлсэн цай чанадаг нь олон давуу талтай.   


Хонины шийрийг тусад нь битүү чанаж болгоод, идээшүүлсэн цайндаа хонины сүүл, шар тос, арвайн гурил орхиж буцалган, ядаргаа тайлах эмчилгээний чанартай аагтай цай болдог. 


Мөн хийцтэй, зутантай, будаатай гэх мэт бусад төрлийн цайг бас чанадаг аж. 


             Мянгад угсаатны цай 

Мянгад суманд аж төрж буй мянгад угсаатан нь баруун монголын бусад угсаатны адил идээшүүлсэн аагтай цай, тавласан, хийцтэй, зутантай, борцтой зэрэг ааг амтаар бялхсан олон төрлийн цай чанадаг. 

Халгайтай цай чанахдаа,  хавар, зуны улиралд  таваас зургаан салаатай нялх халгай өвс түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийгээд самарч буцалгадаг. Гурван литр цайнд гурван халбага халгай хийнэ. Энэ цай даралт ихтэй хүний биед нэн сайн.


Түүнчлэн ястай цай чанадаг. Цай сүлэхийн өмнө чөмгөний яс эсвэл бага зэрэг мах үйж нэг цаг орчим буцалгаж чанана. Ингэж буцалгасан цайны амт чанар сайн агаад маш тэжээллэг болно.

Энэ цай хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул уусны дараа салхи авч даарч болдоггүй гэнэ.


Мөн хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй цайнд хийгээд чанадаг. Ийм цайг ядаргаанд орсон, цус багатай, тархи толгой өвддөг хүн уувал сайн.

関連ニュース