Европ даяарх нисэх буудлуудын үйл ажиллагаа саатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-21 11:53:09

БРЮССЕЛЬ, 2025 оны есдүгээр сарын 21 /DW/. Европын хэд хэдэн томоохон нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа цахим халдлагын улмаас бямба гарагт түр саатжээ. Брюсселийн нисэх онгоцны буудлаас бямба гаргийн орой мэдээлэхдээ, үүссэн саатал тасалдал ням гаргийн нислэгүүдэд мөн нөлөөлнө гэсэн байна.


“Есдүгээр сарын 21-ний ням гарагт хийх хуваарьт нислэгүүдийн тал хувийг цуцлахыг агаарын тээврийн компаниудаас хүссэн” гэж Бельгийн нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Бямба гаргийн нислэгээр зорчих гэж буй зорчигчдод нисэх онгоцны буудал руу явахаасаа өмнө агаарын тээврийн компаниудтай холбогдож нислэгээ баталгаажуулахыг нисэх онгоцны буудлын ажилтнууд зөвлөсөн байна.


Лондон, Берлин, Брюсселийн нисэх онгоцны буудлуудад нислэгүүдийг хойшлуулж цуцалжээ. “Есдүгээр сарын 19-ний баасан гаргийн шөнө зорчигчдыг бүртгэх, агаарын хөлөгт суулгах системийн үйлчилгээ үзүүлэгчийн эсрэг цахим халдлага үйлдсэн нь Европын хэд хэдэн нисэх онгоцны буудал, тэр дундаа Брюсселийн нисэх буудалд нөлөөлсөн” гэж Брюсселийн нисэх буудлын цахим хуудсанд мэдэгджээ.


“Энэхүү явдал нь нислэгийн хуваарьт ихээхэн нөлөөлж, нислэгүүд саатах, цуцлагдахад хүрсэнд харамсалтай байна. Үйлчилгээ үзүүлэгч үүссөн нөхцөл байдлыг зохицуулахаар идэвхийлэн ажиллаж байгаа бөгөөд асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхийг хичээж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. 

関連ニュース