ЗАВХАН: "Отхан" тоглолтоор ардын урлаг, аман зохиолыг таниулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-23 17:00:06

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёл, номын өдрийн онцлох үйл явдал нь өвлөн уламжлагчдын “Отхан” тоглолт байв.


Энэ жилийн номын өдрөөр аймгийн өвлөн уламжлагчид хамтран 20 минутын отгийн тоглолтыг иргэдэд үзүүллээ.


Улс үндэстэн бүхэнд өөрсдийнх нь онцлог шингэсэн ардын аман зохиолын өв соёл бий. Монголчууд бид эртнээс уламжлагдан ирсэн аман зохиолын баялаг сантай. Бидний ихэнх нь багаасаа үлгэр сонсож, зүйр үг цээжилж, оньсого тааж, ардын аман зохиолоос суралцаж өссөн.


Үлгэр домог, ерөөл магтаал, тууль нь төсөөлөн бодох чадварыг сайжруулж, хүлээцтэй буюу тэвчээртэй хүн болоход нөлөөлдөг. Харин оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, түргэн хэллэг, жороо үг зэрэг нь өгүүлэхүйн эрхтний үйл ажиллагааг сайжруулж зөв цэгцтэй ярихад тусалдаг.


Өнөөдөр ардын аман зохиолын олон төрлийг сайн мэддэг ч хүүхэд бий, мэддэггүй хүүхэд залуучууд ч бий. Өнөөгийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр ардын аман зохиолыг сонирхон хэрэглэх хүмүүс багассан ч гэлээ бид ардын аман зохиолын төрөл тус бүр ямар ач холбогдолтойг таниулахыг чухалчилж “Отхан” тоглолтыг зохион байгуулсан юм.


Тууль, оньсого, домог, үлгэр, ертөнцийн гурав, аман наадгай ерөөл магтаалыг энэ тоглолтоос үзэгчид үзлээ.


"Отхан" тоглолтыг Отгонтэнгэр хайрхны сүлд дуу болох “Оройн чимэг” уртын дуу болон нутаг нутгийн өвөрмөц аялгуу бүхий ардын дуугаар баяжуулж өвлөн уламжлагчид дуулж хуурдан таниуллаа. Мөн сартуул бүжиг, бий биелгээ, морин хуурын тоглолтыг үзүүлэв. Өөрөөр хэлбэл өвлөн уламжлагчид хүүхэд залуучуудад ардын аман зохиолоос таниулж, домог түүх, үлгэрийг хайлж, ерөөл магтаалыг сурталчлан таниулсан юм.


Аман зохиолын төрөл зүйл бүрд монгол ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлог гүн шингэсэн байдаг. Тиймээс монгол хүн бүр ардын аман зохиолоо судлах, үр хойчдоо танин мэдүүлэх шаардлагатай юм.


Энэхүү тоглолтод уртын дуучин, морин хуурч, бүжигчид гээд 10 гаруй өвлөн уламжлагч оролцсон юм. Үндэсний бичиг соёл, номын өдрөөр монголчуудын аман зохиолыг ардын урлагтай хоршуулан таниулсан нь номын баярт оролцогчдын сонирхлыг татсан онцлох үйл ажиллагаа болсон гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын урлаг уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаяр мэдээлэв.


Сонирхуулахад, Завхан аймгийн нийт хүн амын 99.2 хувь халх, дөрвөд 0.2 хувь, баяд, захчин, торгууд, өөлд, хотгойд ястан 0.1 хувийг эзэлж байна. Дөрвөдүүдийн 25.0 хувь, казах ястны 35.7 хувь, баяд ястны 32.5 хувь нь Улиастай суманд оршин сууж байгаа бол өөлд ястны 40.0 хувь нь Их-Уул суманд, хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна.

Аягатай бүжиг


Морин хуурчид


Уртын дуучид


Сартуул бүжиг

関連ニュース