Оросоос нефть, хий худалдан авахаа зогсоохыг Эрдоганд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-26 09:49:57

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг пүрэв гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ Оросын газрын тос, байгалийн хийг худалдаж авахаа зогсоохыг уриалжээ. 


"Түүний хийж чадах хамгийн сайн зүйл бол Оросоос газрын тос, байгалийн хий худалдаж авахаа болих явдал юм" гэж Трамп сэтгүүлчдэд хэлсэн байна. 


Цагаан ордны тэргүүн мөн Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрлэлд тавьсан хоригийг цуцалж, Америкийн  тав дахь үеийн F-35 сөнөөгч онгоцыг худалдаж авахыг зөвшөөрч магадгүй гэж мэдэгдсэн байна. "Тэрбээр F-35-ыг авах хүсэлтэй байгаа, бид энэ талаар маш нухацтай ярилцаж байна" хэмээн Трамп хэлээд "Та бүхэн энэ талаар өнөөдөр орой мэдэх болно" гэжээ. Түүний хэлснээр, Турк мөн Америкийн дөрөв дэх үеийн F-16 сөнөөгч онгоцыг илүү олныг худалдаж авах хүсэлтэй байгаа аж. 


Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн эсрэг хориг арга хэмжээг Анкара Москвагаас Оросын агаарын довтолгооноос хамгаалах С-400 системийг худалдаж авсантай холбогдуулан Трамп ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийнхээ хугацаанд авч байжээ. Хоригийг хэзээ цуцалж болох талаар асуухад, Трамп "Хэрэв бидний уулзалт сайн болбол тэр даруй цуцална" гэж хариулсан байна. 


Харин Р.Эрдоган Турк, Оросын худалдааны харилцааны талаар ямар нэг тодорхой мэдэгдэл хийгээгүй боловч F-35, F-16 сөнөөгч онгоцнуудыг худалдаж авах тухай асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцэж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


BRUEGEL гэдэг Европын судалгааны төвийн мэдээлснээр, Турк бол Оросын худалдааны дөрөв дэх том түнш юм. 2024 онд хоёр улсын худалдааны хэмжээ 52 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд гол бүтээгдэхүүн нь байгалийн хий, цахилгаан бараа байсныг AFP агентлаг онцолжээ. 

関連ニュース