Бразилд дундаж давхаргынхан орлогын татвараас чөлөөлөгдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-10-04 12:53:28

БРАЗИЛИА, 2025 оны аравдугаар сарын 4 /BFMTV/. Бразилын дундаж давхаргын иргэдийг орлогын албан татвараас чөлөөлөх тухай Ерөнхийлөгч Лула да Силвагийн чухал санаачилгыг хууль тогтоогчид дэмжсэн байна.


Шинээр батлагдсан хуулийн төслийн дагуу сарын цалин нь 5 000 реалаас (800 орчим евро) хэтрэхгүй байгаа иргэд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Өмнө нь 3 000 реалын (480 орчим евро) орлоготой иргэд татвар төлдөггүй байжээ.


Засгийн газрын мэдээлснээр, энэхүү санаачилга хэрэгжиж эхэлбэл Бразилын 16 сая орчим иргэн 2026 оноос энэ татварыг төлөхөө болино.


Төсвийн орлогын алдагдлыг нөхөхийн тулд сарын 50 мянга реалаас (7 995  орчим евро) дээш давсан орлоготой иргэдийн татварыг дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор энэ ангиллын 140 мянга орчим хүн дундажаар 2.5 хувийн орлогын албан татвар төлж байгаа ба тэдний татварын хувь хэмжээг үе шаттайгаар 10 хувьд хүргэх ажээ. 


Ерөнхийлөгч Лулаг дэмжих үндэс болсон энэхүү санаачилгыг өнгөрсөн жил санхүүгийн зах зээлүүд таагүй хүлээж авч, түүгээр барахгүй үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн доод үзүүлэлтэд хүрч унасан байна.


Ташрамд сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бразилаас импортолдог бараа, үйлчилгээний гаалийн татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлэх зарлигт долоодугаар сард гарын үсэг зурсан билээ.

関連ニュース