“Хасын Хүлэгүүд” багийнхан Японыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг Зүүн Азийн супер лигийн хүрээнд эхний тоглолтоо хийхээр Японыг зорилоо.
Аваргууд чуулах энэхүү лиг зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд “Хасын хүлэгүүд” эхний тоглолтоо маргааш Японы аварга “Алварк” багтай “Кейо Арена”-д Монголын цагаар 18:00 цагт хийх юм. Тэгвэл ирэх сарын 1-нд Тайванийн “Нью Тайпэй Кингс”-ийг, 5-нд Солонгосын лигийн аварга “Эл Жи Сэйкерс” багийг эх орондоо хүлээн авч тоглоно. Зүүн Азийн супер лигт Монгол, Солонгос, Япон, Тайванийн шилдэг 10 баг өрсөлдөж байгаа юм. Үүнээс гадна “Хасын Хүлэгүүд”-ийн залуус Азийн аваргуудын лигийн шинэ улирлын тоглолтод оролцоно.
Ташрамд сонирхуулахад, энэ оны эхээр Зүүн Азийн супер лиг МСБХ-той урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус тэмцээний аварга багийг 2025-2026 онд EASL-д шууд оролцох эрхтэй болгосон билээ. Ингэснээр “Хасын Хүлэгүүд” баг олон улсад Монголын лигийг төлөөлөх эрхийг анх удаа авсан юм.