ЗАВХАН: Байгалийн цогцолборт газар аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-09 11:46:59

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин суманд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал сургалт, хэлэлцүүлэг боллоо.


Сургалт, хэлэлцүүлэгт БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, ЮНЕСКО-гийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүхэй, Хомын талын Байгалийн цогцолборт газрын удирдлагууд, мэргэжилтэн болон нутгийн иргэд нийт 60 гаруй хүн оролцов. Мөн Завхан аймгийн удирдлагууд, Олон улсын төлөөллүүд БНЧУ-ын Долни Морова ШМНГ захирал Др. Петр Чупа, Япон Улсын Цүкүбагийн их сургуулийн профессор Ёшихико Ийда, “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийн төлөөллүүд оролцсон нь бүх талын хамтын ажиллагааг сайжруулах мэдлэг ойлголтоо нэгтгэх үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.


Энэ үйл ажиллагаа нь Хомын талын БЦГ, орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагууд болон орон нутгийн иргэдэд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн талаарх мэдлэг ойлголтыг өгөх зорилготой юм.


Түүнчлэн тус газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежмент болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулахад арга зүйн дэмжлэг үзүүллээ. Хэлэлцүүлэг байгалийн цогцолборт газар дээр болсноороо онцлогтой байв.


Учир нь бүх талын оролцогчид Хомын талын тахь, биологийн олон төрөл зүйлтэй танилцах, тухайн газар нутгийн онцлог, нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж илүү ойлголт мэдлэгийг авсан юм гэж Хомын талын БЦГ-аас мэдээлэв.


Ташрамд дурдахад, өнгөрсөн 9 дүгээр сарын 26-28-нд болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хуралдаанаар  Хомын талын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд амжилттай бүртгүүлсэн юм.


БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг

関連ニュース