Л.Батцэнгэл: Татвар бол эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-10-10 09:53:38

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын татварын алба 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” зорилт тавин ажиллаж буй. Энэ тухай ТЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.

 

атвар гэж юу вэ, татварын ерөнхий ойлголтын талаар эхлээд тайлбарлана уу?

-“Зөвлөн туслагч татварын алба”-ны гол зорилго нь татвар төлөгчдийг татварын хууль зөрчиж татварын эрсдэл гарсных нь дараа шийтгэдэг, торгодог биш татварын эрсдэлд орохоос өмнө урьдчилан сэргийлж, зөвлөгөө өгөх замаар татвар төлөгч, татварын алба хамтдаа эрсдэлээс сэргийлэх  чиглэлийг гол зорилгоо болгон ажиллаж байна.


Энэ зорилтын хүрээнд олон нийтийн телевиз, радио, сошиал мэдээллийн сувгаар  татвар төлөгчдөд зориулсан татварын хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, аргачлалыг тайлбарлан таниулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.


Монгол Улсад хэдэн төрлийн татвар байдаг, татварын үндсэн ойлголтуудын талаар мэдээлэл өгнө.

“Татвар” гэдэг татвар төлөгч талаасаа нийгмийн үйлчилгээг авсныхаа төлөө төлж байгаа төлбөр гэж ойлгож болно, нөгөө талаасаа буюу төр Засгийн газраас авч үзвэл татвараар дамжуулаад улс орныхоо эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл болж байдаг гэсэн үг.

 

атвар яагаад заавал байх ёстой юм бэ. Бид татвараа төлөөд явж байгаа шүү дээ. Энэ талын мэдээллийг өгөөч?

-Татвар нь хэд хэдэн үүрэгтэй. Эдийн засгийн сонгодог онолынхны тайлбарладгаар татварын хамгийн гол үүрэг нь улсын төсвийн орлого бүрдүүлэх.

Улсын төсвийн орлого бүрдүүлнэ гэдэг нь аливаа улс орон оршин тогтнож, үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход  татварын орлого  хамгийн чухал хэсэг нь нь болдог.

Тэгэхээр улс орны үйл ажиллагаа тасралтгүй байхын тулд татвар нь зайлшгүй байх ёстой болж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, эдийн засгийг зохицуулах үүрэгтэй. Улс орон болгон татварын бодлого, санхүү, мөнгөний бодлогоороо дамжуулаад улсынхаа эдийн засгийг удирдаж байдаг. Тиймээс ямар салбарынхаа эдийн засгийг дэмжих вэ? Мөн ямар салбарынхаа үйл ажиллагаагхязгаарлах вэ гэх мэт зохицуулалтыг татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг. Ялангуяа шинэ Кенсийн онолынхон татварын гол үүрэг нь энэ зохицуулалтын үүрэг гэж тайлбарладаг.

Гуравдугаарт, хуваарилалтын үүрэгтэй. Бодит байдал дээр иргэн, ААН-ийн орлого харилцан адилгүй, тэгш бус л байгаа шүү дээ. Зарим нь өндөр, зарим нь бага орлого олж байна. Мөн нийгмийн зарим хэсэгт нийгмийн халамж, тусламж шаардлагатай хэсгүүд ч бий. Өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай хэрэгцээт иргэд орлого багатай байдаг. Тиймээс орлого олж байгаа хэсгээс нь татвар суутгаж аваад, нийгмийн халамж нийгмийн үйлчилгээ хэрэгтэй хэсэгт төрийн үйлчилгээг хүргэх байдлаар хуваарилалтын үүрэг гүйцэтгэж байдаг.

Дөрөвдүгээрт, татвар нь бүртгэл, хяналтын үүрэг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл татвараа авахын тулд тухайн татвар төлөгч нь ямар хэмжээний орлого олж байна, ямар хэмжээний хөрөнгөтэй юм гэдгийг тодорхойлох, хянах хэрэгтэй болдог. Үүнтэй холбоотой нягтлан бодох бүртгэл хөтөлж байна, санхүүгийн болон татварын тайлангууд бэлтгэж байна. Эдгээрийг дагаад цаана нь мэдээллийн сан бий болж байдаг. Бид сүүлийн үед хиймэл оюун ухаан, биг дата гэж их ярьж байна. Тэгэхээр татварын бас нэг үүрэг бол татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой иргэн, ААН-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх явдал байдаг.

Тэгэхээр зэрэг эдгээр үндсэн чиг үүргүүд хэрэгжүүлж байдаг учраас татвар өөрөө зайлшгүй юм.


идний төлж байгаа татвар юунд зарцуулагддаг вэ гэдэг асуултыг иргэд маш их тавьдаг. Хоорондоо ярилцаж байгаа ч харагддаг. Үүнийг мэргэжлийн хүний хувьд ойлгомжтойгоор тайлбарлаад өгөөч?

атвар нь улсын төсвийн орлого бүрдүүлэх гэж хэлсэн. Татварын орлого байдлаар цуглагдсан төсвийн мөнгө нь төрөөс нийгэмд үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээнд зарцуулагдаж байдаг. Иймээс Татвар төлөгч буюу  иргэн, хуулийн этгээд бүр  яагаад улсын төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцох ёстой вэ? гэсэн асуултад хариулт болгох үүднээс Нийгмийн үйлчилгээгэдэг ойлголтыг авч үзье. Үүнд:

Нэгдүгээрт, боловсрол олгох үйл ажиллагаа. Боловсролын тухай хуульд заасны дагуу албан боловсролыг иргэн бүр үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Төрөөс албан боловсролын үйлчилгээг үзүүлэхэд татварын орлогоо л зарцуулна.

Хоёрдугаарт, иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тэгэхээр төсвийн мөнгө нь эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд зарцуулагдаж байна.

Гуравдугаарт, бид эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах ёстой. Үүнтэй холбоотойгоор батлан хамгаалах үйлчилгээ, нийгмийн хэв журмыг сахиулах үйлчилгээнд төсвийн мөнгө зарцуулагдаж байдаг;

Дөрөвдүгээрт, дээр дурдсан нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулагдаж байна.

Мөн байгаль хамгаалах үйлчилгээ, спорт, соёл урлагийн үйлчилгээ, үүнд монголын уламжлалт зан заншил, соёлыг олон нийт, дэлхий дахинд сурталчлах ажилд зарцуулагдаж байна. Төрийн нийтийн үйлчилгээнд зарцуулагдана. Төрийн нийтийн үйлчилгээ гэдэгт төрийн байгууллагуудын үйлчилгээ багтана. Хууль, дүрэм журам тогтоохоос эхлээд түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой үйлчилгээнүүд байна. Цаашилбал төрийн нийтлэг үйлчилгээнүүд байна. Үүнд, нийтийн тээвэр, нийтийн эзэмшлийн зам гүүр, талбай, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт дэд бүтцийн шинжтэй үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй үзүүлэхэд төсвийн мөнгө зарцуулагддаг байх нь.Тэгэхээр эдгээр нийгмийн үйлчилгээнүүдийн чанар хүртээмжийг илүү сайн байлгая гэх юм бол татвараа шударгаар төлж хэвших нь чухал юм. Татвар гэдэг иргэний хувьд нийгмийн үйлчилгээг авсныхаа төлөө төлж байгаа төлбөр юм гэж дээр дурдсан.

 

-Аж ахуйн нэгж, байгууллагууд бас татвар төлж байгаа. Тэдэнд ямар ашиг тус байна вэ?

ийм. ААНБ-үүд ч ялгаагүй олсон орлогоосоо болон эзэмшиж, өмчилж буй хөрөнгөдөө татвар төлж байна. Тэд ч гэсэн нийгмийн харилцаанд оролцогч тал болохынхоо хувьд дээр дурьдсан төрийн үйлчилгээнүүдийг бас л авч байгаа шүү дээ.

 

-Энэ удаад татварын шинж чанарын талаар товчхон тайлбарлаад хэлбэл?

атварын хамгийн гол шинж чанар бол татварыг зөвхөн хуулиар тогтооно.

 

уульгүйгээр ямар нэгэн татвар байхгүй гэсэн үг үү?

-Тийм. Нэг дэх үндсэн шинж бол татвар заавал хуульчлагдсан байна. Хуульгүйгээр иргэн ААН-дээс ямар нэгэн татвар авахгүй. Зөвхөн хуулиар ногдуулсан татварыг л иргэн, татвар төлөгч төлөх үүрэгтэй гэсэн үг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэний   үүргийг тодорхойлсон байдаг. Энд үндсэн 4 үүрэг байдгаас 3 дахь үүрэг  нь хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэг”-тэй гэж заасан.

Татварын 2 дахь үндсэн шинж бол татвар нь буцаан төлөгдөхгүй. Яагаад гэхээр түрүүчийн хэсэгт ярьсан татвараар цуглуулагдсан мөнгө маань өөрөө төсвийн орлогыг бүрдүүлдэг, энэхүү төсөв нь нийгмийн маш олон төрлийн үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулагдаад явж байдаг гэж. Ийм учраас татвар буцаан төлөгдөх нөхцөлгүй.

Татварын 3 дахь үндсэн шинж бол татвар нь ямар нэгэн хариу төлбөргүй байна. Өмнө татвар дахин хуваарилах үүрэгтэй гэсэн шүү дээ. Нөгөө өндөр орлоготой хэсгээс нь, магадгүй өндөр татвар аваад нөгөө талд нь нийгмийн халамж нийгмийн тусламж дэмжлэг хэрэгтэй хэсэгт үйлчилгээ үзүүлдэг. Тийм учраас би өндөр татвар төлчихсөн юм чинь илүү их үйлчилгээ авах ёстой гэдэг ойлголт татварын харилцаанд байхгүй.

Татварын 4 дэх үндсэн шинж бол татвар нь албадлагын шинжтэй. Энэ нь татварыг зөвхөн хуулиар тогтооно гэсэн эхний шинж чанартай шууд холбоотой.  Нэгэнт хууль байгаа тул хүн бүр тэр хуулийг дагаж мөрдөх ёстой. Хуулийг мөрдөхгүй бол хуулийн зөрчил болчихно шүү дээ. Энэ үндсэн шинж чанараасаа үндэслээд татвар нь албадлагын шинжтэй. Үндсэн хууль дээр ч гэсэн иргэний үндсэн үүрэг гэж байна шүү дээ. Иймээс хуулиар ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй, хэрэв төлөхгүй бол хариуцлагын болон албадлагын зохицуулалт байж байдаг.

Тиймээс Монголын татварын алба татвар төлөгчдийг заавал дагаж мөрдөх хууль тогтоомжийг мэдэхгүйгээс үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын багц хууль түүнд нийцүүлэн гаргасан журам аргачлалын хүрээнд  өдөр тутам татвар төлөгчдөд мэдээ, мэдээлэл хүргэх зөвлөн туслах чиглэлээр   ажиллаж байна.

 

-Тэгэхээр Монголын татварын албаны гол зорилго нь болсон гэж ойлгож болох уу?

-Тийм. МТА 2025 оноос зөвлөн туслагч татварын алба байх зорилго тавьсан. Татварыг хуулиар тогтоочихсон байдаг тул дагаж мөрдөөгүй, зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлагад орно. Иймээс татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд  татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулан татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээнийхээ хүртээмжийг сайжруулах замаар татвар төлөгчдийг татварын эрсдлээс урьдчилан сэргийлэх  чиглэлд илүү анхаарч ажиллаж байна.


атварын үйл ажиллагаанд баримталдаг зарчим гэж байх уу?

-Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянах шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах зарчим нь олон улсад нийтлэг байдаг. Одоогоос 250 гаруй жилийн өмнө зах зээлийн эдийн засгийн үл үзэгдэгч гар”-ын онолыг үндэслэсэн Шотландын философич Адам Смит 1776 онд хэвлүүлсэн “Ард түмний баялаг” номдоо татварын үндсэн 4 зарчмыг тодорхойлж байсан. Үүнийг олон улсад одоог хүртэл ашиглаж байна. Манай улсын хувьд ч гэсэн яг ижил бөгөөд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гээд тусгасан байгаа.

-зайлшгүй байх;

-тодорхой байх;

-шударга байх;

-үр ашигтай байх.

Татварын зарчмууд нь татварын үйл ажиллагаа явуулахдаа төрийн байгууллагууд, татвар төлөгч талууд ямар ч тохиолдолд зарчмын дагуу оролцох ёстойг зааж өгдөг. Эдгээр зарчмууд нь зөв­шил­ц­ө­лт, шударга ёс, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Зайлшгүй бөгөөд хамааралтай байх. Иргэн бүр хуулиар ногдуулсан татварыг төлөх үндсэн үүрэгтэй бөгөөд татвар төлөх нь зайлшгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд энэ талаар тодорхой тусгасан. Гэхдээ татварыг хамааралтай зүйлд л ногдуулна. Жишээлбэл, намайг орлого олоогүй байхад орлогын татвар авах гээд байж болохгүй, үүнтэй адил би үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй байтал үл хөдлөх хөрөнгийн татвар авах гээд, автомашингүй байтал АТБӨЯХ-ийн албан татвар авах гээд байж болохгүй. Тэгэхээр юуны өмнө албан татварыг хамааралтай зүйлд л ногдуулах ёстой. Мөн нөгөө талаас хамааралтай л бол татвар төлөх нь зайлшгүй байх ёстой. Тэгэхээр энэ зарчим нь иргэн ААНБ татвар төлөх нь зайлшгүй хэдий ч ямар нэгэн хамааралгүй байдлаар татвар ногдуулах нь татварын дарамт үүсгэх, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлээс зайлсхийх тухай ойлголт болно.

Тодорхой байх. Татвар нь хуулиар тогтоогдсон харилцаа бөгөөд дагаж мөрдөөгүй, биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн дагуу хариуцлагад ордог гэж өмнө нь хэлсэн. Тиймээс хэн, ямар төрлийн татварыг хэзээ төлөх вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Мөн тэр татвараа хэрхэн яаж ногдуулаг тооцох вэ? Тэр тооцох аргачлал, хувь хэмжээ нь бас ойлгомжтой, тодорхой байх ёстой. Мөн хэрхэн яаж бүртгэх, яаж тайлагнах гэдэг нь бас ойлгомжтой байх ёстой. Ингээд эцэст нь хэрвээ төлөхгүй бол ямар хариуцлага тооцох гэдэг нь ойлгомжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл тодорхой байх гэдэг нь татвар төлөгчид ямар татвар ногдуулах, ямар хувь хэмжээгээр тооцох, ямар хугацаанд төлөх ёстой вэ гэдгээс гадна хөнгөлөлт, чөлөөлөлт, тайлагналын нөхцөл нь ойлгомжтой ил тод байх тухай асуудал юм.

Шударга байх. Хүн бүр татвар төлнө гэж дээр хэлсэн. Иргэн бүр хуулиар ногдуулсан татварыг төлнө. Үүнтэй холбоотой татварын хувь хэмжээ зохицуулалт нь иргэн бүрд ижилхэн байх ёстой. Танд нэг өөр үйлчлээд л надад нэг өөр байгаад л байх юм бол шударга бус болно биз дээ? Тэгэхээр шударга байх гэдэг нь татвар төлөгчдийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан татварын хувь хэмжээ, ногдуулалт, тайлагнал, төлөлт, хяналт шалгалт зэрэг үйл ажиллагаа нь хэн нэгэнд давуу эрх олгохгүй, хэн нэгнийг ялгаварлахгүй, нийгэмд эрх тэгш үйлчилдэг байх тухай ойлголт.

Үр ашигтай байх. Энэ нь татварыг төсөвт төвлөрүүлэх, хураах, хяналт шалгалт хийх гэх мэт нь аль болох зардал багатай, үр дүнтэй байж, төр болон татвар төлөгчид аль аль талдаа боломжит хэмнэлттэй байх тухай ойлголт юм. Энэ хүрээнд татварын харилцаа улам бүр цахимжиж байна. Жишээлбэл, татварын шинэчлэлийн хүрээнд ХХОАТ-ын тухай хуульд орж байгаа нэг том өөрчлөлт бол татварын алба тухайн татвар төлөгч иргэний татварын тайланг цахимаар, урьдчилан гаргаж өгнө гэж байгаа. Таны татварын тайланг урьдчилсан байдлаар гаргаад тан уруу илгээнэ. Та хянаж үзээд болж байна гэх юм бол баталгаажуулснаар таны хувьд тайланг илгээсэн төлөвт шилжинэ. Техник технологийн салбарт гарсан өөрчлөлтүүд тэр дундаа биг дата дээр суурилсан хиймэл оюун ухаан бид нарын өмнөөс зарим тооцооллуудыг хийж өгөөд байна шүү дээ. Энэ шилжилт рүү татварын алба ч гэсэн маш эрчтэй орж байна. Тиймээс мэдээллийн сан дээр цугласан биг дата дээр үндэслэн таны татварын тайланг урьдчилсан байдлаар боловсруулаад өгөх боломж нь бүрдсэн гэсэн үг. 

関連ニュース