Д.Трамп: Оросын газрын тосыг худалдаж авахгүй гэдгээ Энэтхэг мэдэгдсэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросын газрын тосыг худалдаж авахаа зогсооно гэдгээ амласан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.
Трамп хэлэхдээ, эрчим хүчний эх үүсвэрээс олж буй Оросын орлогыг таслан зогсоох арга хэмжээг эрчимжүүлж байгаа тул дараагийн ээлжинд Хятадыг мөн адил Оросын газрын тос худалдаж авахыг болиулахыг оролдоно гэж мэдэгдсэн байна.
Энэтхэг, Хятад бол тэнгисээр тээвэрлэдэг Оросын газрын тосны хамгийн том худалдан авагч хоёр улс юм. 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа АНУ, Европын Холбоо Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авч, Европын худалдан авагчид Оросын газрын тосыг авахаа больсны улмаас Оросын тал үнээ хямдруулахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд Энэтхэг, Хятад хоёр улс энэ нөхцөл байдлыг ашиглан хямд үнээр газрын тос худалдан авч байгаа юм.
Д.Трамп сүүлийн үед Оросын газрын тосыг худалдан авч буйтай нь холбогдуулан Энэтхэгийн эсрэг арга хэмжээ авч, АНУ руу экспортолдог Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан бөгөөд үүний шалтгаан нь тэрбээр Москвад шахалт үзүүлэн Украины асуудлаар энхийн хэлэлцээр байгуулахыг зорьж байгаатай холбоотой. "Тиймээс би Оросын газрын тосыг Энэтхэг худалдаж авч байгаад сэтгэл дундуур байсан. Харин Моди Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ өнөөдөр надад хэлсэн" гэж Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд ярьжээ. “Энэ бол чухал алхам. Одоо бид Хятадыг мөн ийм арга хэмжээг авахыг шахна” гэж тэрбээр нэмж дурдсан байна.
Вашингтон дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Моди ийм амлалт өгсөн эсэх талаарх и-мэйлээр илгээсэн асуултад одоогоор хариу өгөөгүй байна.
Лхагва гарагт АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Вашингтонд болсон уулзалтын үеэр Японы Сангийн сайд Кацунобу Катод хэлэхдээ, Трампын засаг захиргаа Оросоос эрчим хүч импортлохоо Япон улс зогсоохыг хүлээж байгаагаа мэдэгджээ.
Орос бол Энэтхэгийн газрын тосны хамгийн том нийлүүлэгч юм. Есдүгээр сард Оросоос өдөрт 1.62 сая баррель газрын тос Энэтхэг рүү экспортолсон нь тус улсын нийт газрын тосны импортын гуравны нэг орчмыг эзэлжээ. Сүүлийн хэдэн сарын турш Моди АНУ-ын шахалтыг эсэргүүцсээр ирсэн бол Энэтхэгийн албан тушаалтнууд эдгээр худалдан авалтыг үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын хувьд чухал гэж хамгаалсаар иржээ.
Бусад үйлдвэрлэгчдээс газрын тос импортлох нь Энэтхэгт илүү үнэтэй тусаж магадгүй хэдий ч газрын тосны үнэ хямд байгаа нь өндөр үнээр худалдан авснаас үүдэлтэй нөлөөллийг зөөлрүүлэх боломжтой. Зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл нэмэгдэх вий гэсэн болгоомжлолтой холбоотойгоор Brent маркийн газрын тосны фьючерс үнэ лхагва гарагт сүүлийн таван сарын доод түвшинд хүрсэн юм.
Энэтхэг импортоо зогсоох шийдвэр гаргавал энэ нь Оросын нефтийг импортолж буй бусад улс орны бодлогод нөлөөлж магадгүй байна. Трамп олон талт хориг арга хэмжээнд найдахгүйгээр хоёр талын харилцааг ашиглан Оросыг эдийн засгийн хувьд тусгаарлахыг эрмэлзэж байна.