Хотын даргад ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-17 08:46:39

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталжээ.


Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж, түүхэн бүтээн байгуулалтын шанг татаж байна. Уг төслийн хувьд нийслэлийн цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой стратегийн бүтээн байгуулалт юм. Тус станц нь 2х150 МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэнэ. Утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй аж.


Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу шат дараатай зохион байгуулсан байдаг. Улмаар үнэлгээний дүнг үндэслэн эрэмблэгдсэн оролцогчтой гэрээ хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан, өнгөрсөн сарын 25-нд харилцан тохиролцжээ. Ийнхүү НИТХ-аас гэрээ байгуулах эрхийг олгосноор төслийн хэрэгжилтийн бодит ажил эхлэх нөхцөл бүрдэж байгаа юм.


ДЦС-5 төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талын үр өгөөж үзүүлэх юм. Төслийн хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.



関連ニュース