Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-20 09:22:17

ХОНКОНГ, 2025 оны аравдугаар сарын 20 /BBC/. Хонконгт нэгэн ачааны нисэх онгоц олон улсын нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасаас гарч, далайд унасны улмаас хоёр хүн амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 


АНЭУ-ын агаарын тээврийн Emiratesкомпанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх онгоц Дубайгаас Хонконгт орон нутгийн цагаар 03:50 цагийн орчимд нисэх буудлын хойд талын хөөрөх зурваст газардах явцдаа осолдсон байна.


Нисэх буудлын хоёр ажилтан далайн усанд унасан гэж Иргэний нисэхийн удирдах газраас мэдэгджээ. Тэднийг аварсан боловч эмнэлэгт очсоныхоо дараа нас баржээ. 


Харин нисэх онгоцны багийн дөрвөн гишүүн амьд үлдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Осол гарсан хөөрөх зурвасыг хаасан бөгөөд нөгөө хоёр зурвас нь хэвийн ажиллаж байгаа ажээ. Нисэх буудлын захиргаа орон нутгийн цагаар 10:00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах төлөвтэй байна.


Хонконгийн Засгийн газрын нисэхийн алба нисдэг тэрэгнүүдээ осолд болсон зурвасын дээгүүр байрлуулсан бол Гал түймэртэй тэмцэх газрын хөлөг онгоцууд аврах ажиллагаанд оролцжээ. Аюулгүй байдлын үзүүлэлт сайтай Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлын хувьд ийм осол тун ховор тохиолддог.



関連ニュース