Шэнжөү-21: Хамгийн залуу сансрын нисгэгчийг сансрын станц руу илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2025-11-01 15:30:13

БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /Reuters/. Хамгийн залуу сансрын нисгэгчийг бүрэлдэхүүндээ багтаасан Хятадын “Шэнжөү-21” жолоодлогот хөлгийн багийнхан баасан гарагт баруун хойд нутгийн Жючуань сансрын хөлгийн буудлаас “Long March-2F” пуужингаар хөөрсөн гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлжээ.


Хятадын сансрын станцыг байгуулах ажил 2022 онд дууссанаас хойш тус станц руу хийсэн долоо дахь нислэг энэ болж байна. “Шэнжөү-21” багийн гурван сансрын нисгэгч сансарт зургаан сарын турш ажиллах бөгөөд cүүлийн үед туршлагатай сансрын нисгэгчдийн халааг залуу үеийнхэн авах болоод байна.


Энэхүү багийн бүрэлдэхүүнд багтсан 39 настай Жан Хунжан болон Хятадын хамгийн залуу сансрын нисгэгч болох 32 настай У Фэй нар анх удаа сансарт нисэж байгаа бол 48 настай командлагч Жан Лу 2022 онд “Шэнжөү-15” хөлгөөр сансарт нисэж байлаа.


“Шэнжөү-21” хөлгийн багийн гишүүд “Тяньгүн” буюу “Тэнгэрийн ордон” нэртэй станцад зургаан сар гаруйн хугацаанд амьдарч, ажиллаж буй “Шэнжөү-20” хөлгийн багийнхны халааг авах юм. “Шэнжөү-20”-ийн сансрын нисгэгчид ойрын өдрүүдэд эх дэлхийд эргэн ирнэ.


“Шэнжөү-21” багийнхан Хятадын сансрын станцад авчирч буй анхны жижиг хөхтөн амьтад болох дөрвөн хар хулганатай хамт нисжээ. Хулгануудыг дэлхийн нам тойрог замд үржлийн туршилтад ашиглах ажээ.


“Шэнжөү” хөтөлбөрийн хувьд жилд хоёр удаа хөлөг хөөргөх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд өнгөрсөн жил 1990-ээд онд төрсөн Хятадын сансрын нисгэгчдийг илгээснээр дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Түүнчлэн дараа жил Пакистанаас анхны гадаадын сансрын нисгэгчийг сургаж, илгээхээр төлөвлөж байна. Энэхүү хурдацтай ахиц дэвшил нь Вашингтонд түгшүүрийн дохио өгч байгаа бөгөөд Вашингтон одоо Хятадаас өмнө Америкийн сансрын нисгэгчийг Саран дээр дахин буулгахыг эрмэлзэж байна. 

関連ニュース