Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод орж байгаа цасыг цэвэрлэх ажил өглөө 05:30 цагаас эхэлжээ.
Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээлснээр өнөөдөр өглөөний 05:30 цагаас эхлэн хариуцсан гудамж, зам, гүүрэн байгууламж, төв талбай зэрэгт тусгай зориулалтын зам цэвэрлэгээний техник болон бичил техниктэйгээр 31 ажилтан цас цэвэрлэгээнд гарчээ. Харин иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа.
Хотын есөн дүүргийн хэмжээнд ТҮК-ийн ажилтнууд нийтийн эзэмшлийн гудамж, авто замын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисыг цацаж байна. Цас үргэлжлэн орох тул бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа аж. Цас орох урьдчилсан мэдээний дагуу давс цацагч машиныг давсаар цэнэглэж, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн халтиргаа үүсэж болзошгүй замд хайрцагтай давсыг байршуулж дүүргэжээ.
Ulaanbaatar