Өмнөд Солонгос хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-11-07 11:58:42

СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /Yonhap/. Өмнөд Солонгосын Засгийн газар 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2018 оны түвшнээс хамгийн багадаа 50 хувиар бууруулна гэсэн зорилтоо пүрэв гарагт танилцуулжээ. 


Олон нийтийн сонсголын үеэр Засгийн газар 2035 он гэхэд үндэсний хэмжээнд тодорхойлсон хоёр саналыг танилцуулсан бөгөөд тэдгээрийн нэгийг нь НҮБ-д өргөн барих юм.


Эхний саналд хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн багадаа 50 хувь, дээд тал нь 60 хувиар бууруулахаар тусгасан бол хоёр дахь хувилбарт хийн ялгарлыг хамгийн багадаа 53 хувь, дээд тал нь 60 хувиар бууруулах илүү амбицтай зорилтыг дэвшүүлсэн гэж Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам мэдэгджээ.


Өмнөд Солонгосын хүлэмжийн хийн ялгарал 2018 онд 742.3 сая тоннд хүрсэн байна. Үүнээс үзэхэд, 2018 оны түвшнээс ялгарлын хэмжээг 50 хувиар бууруулахын тулд тус улс 2035 онд 371.2 сая тонн ялгаруулах шаардлагатай болно. Өнгөрсөн онд хүлэмжийн хийн ялгарлыг 691.6 сая тонн гэж тооцоолсон нь 2035 оны хамгийн зорилтоос хавьгүй өндөр байна.


Засгийн газрын ирэх долоо хоногт болох хуралдаанаар үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн эцсийн зорилтыг тогтоож, түүний дараагийн долоо хоногт шинэ зорилтоо НҮБ-д өргөн барих ажээ. Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр нь Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтаа тодорхойлохын тулд таван жил тутамд шинэчлэх ёстой уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө юм.


Сөүл үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн 2030 оны төлөвлөгөөгөө 2021 онд НҮБ-д өргөн барьж, хүлэмжийн хийн ялгарлыг 2018 оны түвшнээс 40 хувиар бууруулахаа амлаж байв. 2035 оны зорилтод хүрэхийн тулд Засгийн газар улс орон даяар шинэ үеийн цахилгаан эрчим хүчний сүлжээг байгуулахын зэрэгцээ нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр ажиллах болно гэдгээ мэдэгджээ.

 


関連ニュース