БАЯНХОНГОР: Хануур, туулга заслын ач холбогдлыг таниулах танхимын сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-11 14:35:08

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Иргэдэд уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэг мэдээлэл түгээх, тусламж үйлчилгээ үзүүлэх “Хануур, туулга засал” өдөрлөгийг зохион байгууллаа.


Аймгийн ИТХ-ын хуралдааны 2024 оны “Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах тухай” тогтоолын заалт болон Монглын Нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн эмнэлзүйн багаас хэрэгжүүлж буй “Монгол хануур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн уламжлалт анагаах ухааны эмч нарын холбооноос тус өдөрлөгийг дөрвөн өдөр зохион байгууллаа.


Өдөрлөгөөр “Хануур, туулга засал”-ын ач холбогдлыг иргэдэд таниулах танхимын сургалт, “Туулга засал” эмчилгээ, “Хануур засал” эмчилгээ зэрэг эвентэд иргэд болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан байна.


Хануур заслын эмчилгээ гэдэг нь уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг, хүний биед хуримтлагдсан “муу цус”, “хор” буюу илүүдэл бодисыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулах зорилготой эмчилгээний арга юм. Хануур заслын эмчилгээ нь цусны эргэлтийг сайжруулж, биеийн хор гадагшлуулах, даралт тэнцвэржүүлэх, толгой өвдөлт, нойргүйдэл, ядралтыг багасгах, арьсны болон үе мөчний өвчнийг намжаах үйлдэлтэй. 


Харин туулга засал нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмчилгээний нэг бөгөөд бие махбодод хуримтлагдсан шаар, хорт бодис, илүүдэл хийг гадагшлуулах, бодисын солилцоог идэвхжүүлэх зорилготой байдаг.


Туулга гэдэг нь гэдэс ходоодыг цэвэрлэж, илүүдэл шим, хорт бодис, шингэн, хийг гадагшлуулж биеийг ариусгах эмчилгээ бөгөөд “биеийн дотоод цэвэрлэгээ” гэсэн ойлголттой ойролцоо утгатай. Туулга заслын ач холбогдол нь бие махбодыг цэвэрлэх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, арьс, нүүрний өнгийг сэргээх, хор, хийг гадагшлуулж, дархлаа дэмждэг онцлогтой юм.

関連ニュース