БАЯНХОНГОР: Дархлаажуулалтын хамруулалтаар улсад тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-05 12:58:26

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дархлаажуулалтын хамруулалтаараа улсад тэргүүлжээ. Тодруулбал, хүний папиллома вирус, томуу, улаанбурхан зэрэг өвчний эсрэг дархлаажуулалтын дундаж хамгийн өндөр гарсан байна.


"Нийгмийн эрүүл мэндийн бодлого, дархлаажуулалтын цаашдын чиглэл" уулзалт Улаанбаатар хотноо болж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, бодлого чиглэлээ танилцуулсан юм.


Мөн үеэр дархлаажуулалтын улсын дүн мэдээг албан ёсоор танилцуулж, иргэдээ идэвхтэй хамруулан ажилласан аймгуудад урамшууллын батламж гардуулжээ. "Дархлаажуулалтыг сайн зохион байгуулж, халдварын тархалтыг хумихад хичээн ажилласан Баянхонгор аймагт Propox автомашин олгохоор болсон" гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэв.


Уулзалтаар, дархлаажуулалтыг сайн зохион байгуулсан ЭМГ-ыг жил бүр шалгаруулж урамшуулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах төсвийг нэмэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг ажилтны тоог нэмэгдүүлж, бодитой хөрөнгө оруулалт хийхээр болсныг зарласан байна. Мөн 2027 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого чиглэл, санхүүжилтэд 21 аймгийн салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг хийжээ.

関連ニュース