БАЯНХОНГОР: Өвс тэжээл татах ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-07 15:18:09
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдааныг зохион байгуулж, цаг үеийн зургаан асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар, "Баян өсөх агро" ОНӨААТҮГ-аас Дорнод аймгийн Халхгол суманд бэлтгэсэн өвсийг татан авах ажлыг эрчимжүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 1000 тонн мах, ногооны зоорийн ашиглалтын үйл ажиллагааг жигдрүүлэх, Онцгой комиссоос гарсан шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийг бүх түвшинд хангаж ажиллах, 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллаагүй сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт хариуцлага тооцохыг тус тус чиглэл болгов.

Энэ онд Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 13.2 мянган малчин өрхийн 8.3 мянган хот айлд 4 сая шахам мал өвөлжиж, хаваржина. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэлийн гурван үйлдвэрт энэ онд богийн мах 670 тн, бод малын 330 тонн мах нөөцлөхөөр, худалдан борлуулахаар 3500 тонн мах авахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Ташрамд, бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцсоноор Баянхонгор аймгийн ихэнх суманд бэлчээрийн даац хэтэрсэн үзүүлэлт гарсан байна.
関連ニュース