ХОВД: “Эрүүл харилцаа- Эрүүл ирээдүй” төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхэн, залуусын дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байна.
Судалгаагаар энэ оны есдүгээр
сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 7500 гаруй тохиолдол
бүртгэгджээ. Энэ нь халдварт өвчний 17.4 хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм.
Тэгвэл Ховд аймагт энэ оны эхний
арван сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 247 тохиолдол бүртгэгдлээ.
Үүнээс тэмүү 44, заг хүйтэн 78, трихомониоз 84, хламид 17, мөөгөнцөр 67, харин бусад
төрлийн халдварын 24 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Эдгээр халдварын тохиолдлын дийлэнх
нь 15-39 насныхан буюу өсвөр, залуу үeийнхэн юм.
Иймээс өсвөр, залуу үеийнхэн болон иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх аргыг сурталчлах, бэлгэвчийн хэрэглээний ач холбогдлыг таниулах зорилго бүхий “Эрүүл харилцаа-Эрүүл ирээдүй” төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 7-14 хоногийн хугацаанд бэлгийн замаар дамжих халдварын талаар иргэдийн мэдлэг, хандлагыг тодорхойлох судалгаа хийх, сургалт зохион байгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох цахим зөвлөмж түгээх гэх мэт ажлууд өрнөх юм.
Уг ажлыг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, ЭМЯ, НЭМҮТ, Глобал сан, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны дэмжлэгтэйгээр "Хамгийн чухал нь эрүүл мэнд" тэтгэлэгт төсөл, "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд хэрэгжүүлж буй.
Бэлгийн замаар дамжих халдварыг эмчийн заавар, хяналтад эмчилвэл бүрэн эдгэрдэг. Харин эмчлүүлээгүй болон өөрөө дур мэдэн буруу эмчилснээс өвчин архагших, үргүйдэлд хүрэх, жирэмсний хүндрэл, урагт халдварлах, БЗДХ болон ХДХВ\ДОХ- ын эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай. Иймд иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлж, өсвөр, залуу үеийнхэнд өвчлөлөөс сэргийлэх аргуудыг хэвшүүлэх шаардлагатай гэдгийг эмч нар хэллээ.
Хамгаалалтгүй харилцаа эрсдэл дагуулдаг. Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хялбар арга бол бэлгэвч хэрэглэх юм.
Мөн халдвар авсан хүмүүсийн 30–50
хувь нь шинж тэмдэггүй байдаг учраас тогтмол шинжилгээ өгөх нь чухал.
Ulaanbaatar