Киргизийн Ерөнхийлөгч асны хүүг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /DW/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Кадырбек Атамбаев болон улс төрийн зарим зүтгэлтнүүдийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
“Кадырбек Атамбаев, Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны төрийн хамгаалалтын албаны дарга асан Дамир Мусакеев, Социал-демократ намын дарга Темирлан Султанбеков, Киргизийн парламентын гишүүд асан Шайлобек Атазов, Кубанычбек Кадыров нарыг баривчиллаа” гэж тус яамнаас ням гарагт буюу өчигдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Баривчлагдсан таван хүн бүгд “парламентын сонгуулийн дүн гарсны дараа олон нийт түүнийг эсэргүүцэж байгаа мэт харагдуулахын тулд цуврал жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан” ажээ. Тодруулбал, баривчлагдсан хүмүүс “Үндсэн хууль зөрчсөн шаардлагууд” тавьж, засаг захиргааны барилгууд, телевизийн сувгууд, хууль сахиулах байгууллагуудын объектууд, зэвсгийн агуулах, хорих ангиудыг хүчээр эзлэх оролдлого хийхээр төлөвлөж байжээ. Эдгээр үйл ажиллагаанд гэмт бүлэглэлүүд дэмжлэг үзүүлэх ёстой байсан” гэж Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
Нэгжлэг хийх үеэр зэвсэг, сум хэрэгсэл, гранат, холбооны хэрэгслүүд, санхүүгийн баримтууд, үйл ажиллагааны төлөвлөгөө, мансууруулах бодис, мөн 150 мянган ам.долларын бэлэн мөнгө хураан авчээ.
Баривчлагдсан хүмүүсийг Киргизийн Эрүүгийн хуулийн “олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулахаар завдсан” гэх зүйл ангиар яллагдагчаар татсан байна.
Киргизийн парламентын ээлжит бус сонгууль 11 дүгээр сарын 30-нд болно. Парламентын ээлжит сонгуулийг 2026 оны 11 дүгээр сард явуулахаар төлөвлөж байсан боловч өнгөрсөн есдүгээр сарын 25-нд парламентын гишүүд сайн дураараа огцорчээ.
Ulaanbaatar