Х.Нямбаатар: ӨЭМТ, хорооны байруудыг цахилгаан халаагуурт шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-01 14:11:13

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийнхэн өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж,  27.518 тонн нөөцтэй байна. Энэ жил нийслэлийнхэн 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээ хоёр дахин буурах аж.


Хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой.


Гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Үүнд, нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Харин  усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна.


Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа, “Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага байна. Үүний ихэнх нь төрийн байгууллага байгаа. Тухайлбал, үүний 14 нь сургууль, зургаа нь цэцэрлэг. Тиймээс ирэх жил эдгээр сургууль, цэцэрлэгийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. ӨЭМТ, хорооны байрыг НЗДТГ болон дүүргүүд хамтарч хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ" гэв.


Мөн Улаанбаатар хотод дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг таван том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3 дугаар цахилгаан станц. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргүүлэхээр болжээ.

 

関連ニュース