Хятадын тал Умард Солонгосоос нүүрс импортлохоо зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. НҮБ-ын баталсан Пхеньяны эсрэг тогтоолыг дагаж мөрдөн он дуусах хүртэлх хугацаанд Умард Солонгосоос нүүрс импортлохоо зогсоож байгаагаа БНХАУ-ын Засгийн газар мэдэгдлээ. Нүүрс бол Умард Солонгосын орлогын гол эх үүсвэр юм.
Хятад улсын Худалдааны яамнаас өнгөрсөн бямба гарагт гаргасан мэдэгдэлд “манай улс он дуусах хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд буюу ням гарагаас эхлэн 12 дугаар сарын 31-нийг дуустал Умард Солонгосоос нүүрс импортлохгүй” гэжээ.
Энэ оны есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ өнгөрсөн сарын 30-нд баталсан юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс БНХАУ дээрх шийдвэрийг гаргажээ.
АЗ-ийн тогтоолд “НҮБ-ын гишүүн улсууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заасан. Энэ нь одоо тус улсаас импортолж байгаа нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг. БНХАУ бол Умард Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол түнш улс юм.
НҮБ-ын тогтоолыг тууштай дагаж мөрдөнө гэдгээ БНХАУ харуулахыг оролдож байна гэж ажиглагчид үзэж байна. Харин ирэх онд хэр их хэмжээний нүүрс импортлохоо Хятад улс мэдэгдээгүй байна.
Г.Доржханд