Польшийн иргэд дүрвэгч хүлээн авахыг эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-09 13:21:56

ВАРШАВ. / Sputnik /. Хойд Африк, Ойрхи Дорнодын дүрвэгчдийг хүлээн авахыг Польш улсын хүн амын олонх нь дэмжихгүй байгааг санал асуулгаар тогтоов.

Олон нийтийн санаа бодлын судалгааны үндэсний төвөөс явуулсан санал асуулгад оролцогчдын 51 орчим хувь нь дүрвэгч хүлээн авахыг эсэргүүцжээ.

Цахим ертөнц дөх сэтгэгдэл, нийтлэлийг мөн судалсан бөгөөд сэтгэгдэл бичигчдийн 81 хувь нь уг асуудлаар сөрөг хандлагатай байна.

Польш улсын иргэний болон шашны уламжлалыг үл хүндэтгэж, эмэгтэйчүүдийн эсрэг түрэмгий үйлдэл гаргаж, тус улсад лалын шашин дэлгэрүүлнэ гэж  Польшийн ихэнх ард иргэд дүрвэгчдээс  айж байгааг судалгаагаар тогтоожээ.  

Долдугаар сард явуулсан судалгаагаар Бүгд Найрамдах Чех Улсын иргэдийн дөрөвний гурав нь лалын шашинтай дүрвэгчдийг хүлээж авахыг үл дэмжсэн байна. Уг судалгаанаас өмнө “Ижил төстэй соёлын суурьтай дүрвэгчдийг хүлээж авах ёстой” гэж тус улсын Ерөнхийлөгч Милос Земан хэлснээс улбаалан “Христийн шашинтай дүрвэгчдэд  орон гэр олгоно” гэж  Бүгд Найрамдах Чех Улсын сүмийн гишүүд мэдэгдсэн байна.

Х.Аминаа

 

関連ニュース