Туркт 100 кг тэсрэх бодис илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Anadolu/. Туркийн нийслэл Анкара хотын цагдаа нар Полатлы хот орчимд газар булсан байсан 100 кг тэсрэх бодисыг илрүүлсэн тухай хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчид мэдээлжээ.
Цагдаа нарын мэдээлснээр, тэсрэх бодисыг зургаан сарын турш ухаж гаргасан байна. Цагдаа нар террорист байгууллагатай холбоотой сэжигтнүүдийг баривчлах ажиллагаа явуулах үеэрээ Исмаил К. гэгч этгээдийг саатуулж, дараа нь шүүхийн шаардлагын дагуу баривчилсан байна.
Цагдаа нарын илрүүлсэн уг тэсрэх бодис нь нитрометан гэдэг бодисоор хийсэн бөгөөд илүү их хөнөөх чадалтай болохыг онцлон дурдаж байна.
Туркийн нийслэл Анкара хотод тус улсын түүхэн дэх томоохон халдлага 10 дугаар сарын 9-нд болсон билээ. Амиа золиослогч хоёр этгээд халдлага үйлдсэний улмаас тайван замаар зохион байгуулсан жагсаалд оролцож байсан 103 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан юм. Уг халдлагыг “Лалын улс”-ын зааварчилгаагаар Турк даяар халдлага үйлдэхээр төлөвлөж байсан, Сиритэй хил залгаа Туркийн өмнөд нутагт оршдог муж болох “Газиантеп дэх террористуудын сүлжээ” зохион байгуулсан гэж нийслэл хотын прокурор мэдэгджээ.
Д.Жаргал